Дархан-Уул аймагт өчигдөр covid-19 халдварын шинэ тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор тэг зогсолт хийсэн. Гэвч энэ хугацаанд түргэвчилсэн оношлуураар иргэдийг шинжилгээнд хамруулахад гурван эерэг тохиолдол илэрсэн байна. Тиймээс аймгийн ОК хатуу хөл хорионы дэглэм өнөөдрөөс /2020.11.18/ дахин сунгахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл арваннэгдүгээр сарын 18-ны 06:00 цагаас 21-ний 06:00 цагийн хооронд өнөөдрийн мөрдсөн хатуу хөл хорионы дэглэм үргэлжлэхээр болсон байна.
Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга, АОК-ын дарга Б.Азжаргал "Өнгөрсөн хугацаанд нэгдүгээр хавьтлын 59, хоёрдугаар хавьтлын 136 иргэнийг бүрэн шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байна. Ойрын хавьтлын 59 иргэнийг бүрэн тусгаарлаж, шинжилгээ авч байна.
Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан гурван тохиолдлын сорьцыг ХӨСҮТ-д хүргэх ажлыг зохион байгуулж байна.
Үүнээс улбаалаад Дархан-Уул аймагт тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг дахин гурван хоногоор сунгахаар шийдвэрлэлээ. Энэ гурав хоногийн хугацаанд аймгийн Онцгой комиссоос иргэдэд түлш, ундны ус, хүнсний бүтээгдэхүүн хүргэх ажлыг хийхээр төлөвлөж байна.
Түүнчлэн өнөөдөр халдвартай нь батлагдсан нэг тохиолдол гарсан. Энэ тохиолдлын эзэнтэй холбоотой янз бүрийн мэдээлэл тарж байна. Албан ёсоор баталгаажуулаагүй маршрут, тухайн иргэтэй холбоотой мэдээллийг цацахгүй байхыг хүсэж байна" гэв.