БНХАУ-ын Юннань мужийн нэгэн хошуу энэ сарын 20-ны өдрөөс эхлэн олон нийтийн газарт нохой хөтлөн алхахыг хатуу хориглох шийдвэрийг гаргаад байсан юм. Хэрэв нохойгоо гудамжинд дагуулан алхсан үйлдэл гурван удаа давтагдвал тэжээвэр амьтныг үгүй хийх хатуу шийтгэлтэй. Гэвч олон нийтийн цахим сүлжээнд уг шийдвэрийг соёлгүй бүдүүлэг үйлдэл хэмээн хурцаар шүүмжилсний дараа эрх баригчид шийдвэрээ дахин хэлэлцэхээр болжээ.
Албаныхан нохойг гадаа гудамж, талбайд дагуулан алхахыг хорьсноор оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалах зорилготой байсан юм. Гэвч өдөр шөнийн алинд ч нохойгоо гаргахгүй байх нь амьтны эрхийг хурцаар зөрчиж буй үйлдэл гэдгийг амьтны эрхийг хамгаалагчид онцолжээ. Амьтны эрхийг хамгаалагчид нохдыг гадуур дагуулж алхахыг хорьсны оронд амьтан тэжээдэг хүмүүсийн боловсролыг дээшлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Энэ сард хэрэгжиж эхлэх ёстой байсан хуулиар нохойгоо хөтлөн алхаж байгаад баригдвал эхний ээлжинд сануулга өгнө, хоёр дахь удаагаа 50-200 юаниар торгох ба гурав дахь удаагаа зөрчвөл нохойг нь устгалд оруулах байжээ.
2018 онд Ханжоу хотод өдрийн цагаар нохой болон том биетэй тэжээвэр амьтдыг хөтлөн олон нийтийн дунд явахыг хориглосон боловч шөнийн цагаар зөвшөөрсөн байдаг. Харин Шанхай, Чиндао, Ченду хотуудад айл өрх бүр нэгээс дээш нохойтой байхыг зөвшөөрдөггүй бол Хуанши хотод 45 см-ээс том тэжээвэр амьтдыг хориглосон байдаг ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.