Иота хар салхи цагт 260 км-ын хурдтайгаар Төв Америкийн бүс нутгийг чиглэн шуурч байгааг цаг уур судлаачид сэрэмжлүүлжээ. Уг хар салхи нь хамгийн өндөр түвшний буюу тавдугаар түвшний аюулыг дагуулж байна.
Хар салхины улмаас Никарагуа, Гондурас улсуудад хөрсний гулсалт үүснэ гэж сэрэмжлүүлжээ. Төв Америкийн орнуудыг хоёр долоо хоногийн өмнө хүчтэй хар салхи дайран өнгөрсөн юм.
Иотаг энэ жил Атлантын далайд шуурсан хамгийн хүчтэй хар салхи төдийгүй 1932 оноос хойш 11 дүгээр саруудад бүртгэгдсэн хоёр дахь хүчтэй хар салхи гэж үзжээ.
Гватемал болон Гондурасын төрийн тэргүүнүүд дэлхийн цаг уурын өөрчлөлтөд хамгийн их өртөж, гарз хохирол амсаж буй бүс нутаг бол Төв Америк болоод байгааг хамтарсан хэвлэлийн хурал дээр онцолсон юм.
Энэ сарын эхэнд Эта хар салхи бүс нутгийг дайрч олон мянган тариаланч ургац алдсан байна. Гватемал улсын Алта Верапаз муж Эта хар салхинд хамгийн олон хүнээ буюу 100 иргэнээ хөрсний гулсалтад алдсан бол улсын бусад хэсэгт 50 хүн амь эрсэджээ. Эта нийт 200 хүний амийг авч одсон байна.
Тэгвэл Иота хар салхи Төв Америкт ирэхээсээ өмнө Карибын тэнгисийн Колумб улсын Провиденис арлыг дайрч цахилгааны эх үүсвэрийг тасалжээ. Америкийн хар салхи судлалын төв Иота иргэдийн амь насанд аюултай үерийн аюул дагуулна гэдгийг сэрэмжлүүлж байна.
Уьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Гондурас, Гватемал, Никарагуа улсуудад гол мөрний эргийн бүсэд болон нам дор газарт амьдардаг иргэдийг албадан нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Гэвч зарим иргэд коронавируст цар тахлаас эмээж орон гэрээ орхин явахаас татгалзаж байгаа ажээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.