Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм, Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэж буй 16 байгууллагад 800 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ даваа гарагт мэдэгджээ. Тэрээр Безосын эх дэлхийн сангийн үйл ажиллагааны хүрээнд дээрх тусламжийг хүрээлэн буй орчны сайн сайхны төлөө үзүүлэхээр болжээ.
Безосын эх дэлхийн сан хүрээлэн буй орчныг хамгаалахын төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, эрдэмтэд, идэвхтэн тэмцэгчдэд нийт 10 тэрбум ам.доллар өгөхөө өнгөрөгч хоёрдугаар сард амласан юм. Дэлхийн хамгийн баян эрхэм өөрийн Инстаграм хуудсандаа “дэлхий даяар цаг уурын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллугаа явуулж буй ухаалаг хүмүүсийн талаар өнгөрсөн хэдэн сарын турш судалсан. Би тэдний үйл ажиллагааг дэмжиж байгаадаа баяртай байна” гэжээ.
Энэ хооронд дэлхийн хамгийн том цахим худалдааны сүлжээ Амазон 2025 он гэхэд сэргээгдэх эрчим хүчийг 100 хувь ашиглахаа мэдэгдээд байгаа. Мөн тус компани 2040 он гэхэд нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтаа 0 хувь болгох зорилтыг тавьсан. Зорилтдоо хүрэхийн тулд Амазон хүргэлтийн 100,000 ширхэг цахилгаан тээврийн хэрэгсэл худалдаж авч, дахин ойжуулах төсөлд 100 сая ам.долларын хөрөнгө оруулжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.