Дэлхий даяар коронавирусийн халдварын эхний давлагаа гарахад Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн халдвар аван эргэж эдгэсэн тухай мэдээлж байсан. Тэгвэл цар тахлын хоёр дахь давлагаа улс орнуудыг хамарч байгаа энэ үед Их Британийн Ерөнхий сайд дахин тусгаарлагдахаар болжээ.
Ерөнхий сайд саяхан коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон Парламентын гишүүнтэй ойроос харилцсан тул Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга Мэтт Хэнкок түүнийг 14 хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлах заавар зөвлөмжийг өгсөн байна.
Өнгөрсөн гуравдугаар сард Жонсон коронавирусээр халдварласан ч гэрээсээ албан үүргээ гүйцэтгэж байсан. Гэвч биеийн байдал нь хүндэрч хүчилтөрөгчийн багтай эрчимт эмчилгээний тасагт шилжсэн.
Даунинг Стрийтэд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Ерөнхий сайд Парламентад суудаг Консерватив намын гишүүдтэй 35 минутын хугацаанд уулзжээ. Үүний дараа уулзалтад оролцсон гишүүдийн нэг Ли Андерсонд коронавирусийн шинж тэмдэг илэрч, шинжилгээ өгөхөд халдвартай болох нь тогтоогдсон. Хэдийгээр уулзалтын үед халдвараас сэргийлэх дүрэм журмыг баримтлан хэрэгжүүлсэн боловч уулзалт үргэлжилсэн хугацаа, бусад нөхцөл байдлаас шалтгаалан урьдчилсан арга хэмжээ авахын тулд ийнхүү Ерөнхий сайдыг өөрийгөө тусгаарлахыг хүсчээ.
Их Британид 1,369,318 иргэн коронавирусээр өвчилж, 51,934 хүн нас барсан байна.
Энэ хооронд АНУ-д коронавируст цар тахлаар халдварласан хүний тоо 11 саяыг давж 11,367,214 болсон байна. Цар тахлын улмаас 251,000 хүн тус улсад нас баржээ. Дэлхий даяар 55 сая орчим хүн цар тахлаар халдварлаж, 1,3 сая гаруй иргэн эндлээ.
ОХУ-д халдвар тархаж эхэлснээс хойш 24 цагийн дотор хамгийн олон буюу 22,778 шинэ тохиолдол даваа гарагт бүртгэгджээ. Сүүлийн нэг хоногт халдвар авсан иргэдийн 6,360 нь нийслэл Москва хотод бүртгэгдэв. Ингэснээр тус улсад халдварын нийт тохиолдол бараг хоёр саяд хүрч, 33,489 иргэн нас барлаа.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.