Өнөөдөр Монгол бахархлын өдөр буюу Их эзэн Чингис хааны төрсөн өдөр. Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэх зарлигийг 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч анх гаргасан байдаг. Түүнээс хойш Монгол бахархлын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж байна.
Эл өдөр "Чинис хаан" одонг улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнд гардуулдаг уламжлалтай юм.
Өнөөдрийг хүртэл нийт 12 эрхэмд Чингис хааны одонг гардуулсан бөгөөд өнөө жил хэнд гардуулах нь тодорхойгүй байна.
Монгол бахархлын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог. Гэвч өнөө жил улс орнод зарласан хөл хорионоос үүдэн Монгол бахархлын өдөрт зориулсан аливаа ёслол хүндэтгэл, үндэсний бөхийн барилдаан, соёл урлагийн арга хэмжээнүүд зохиогдохгүй юм.
"Чингис хаан" одонт эрхмүүд:
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат /2005 он/
Хөгжмийн зохиолч, УГЗ, Хөдөлмөрийн баатар Б.Шарав /2006 он/
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн /2009 он/
Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж /2010 он/
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди /2011 он/
УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл /2012 он/
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном /2013 он/
Эрдэмтэн, физикч Х.Намсрай /2014 он/
Зохиолч, яруу найрагч, СГЗ Г.Мэнд-Ооёо /2015 он/
Дуурийн дуулаач МУГЖ Г.Ариунбаатар /2016 он/
Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр /2017 он/
"The Hu" хамтлаг/2019 он/
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.