Дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдвар дотоодод илэрсэн энэ өдрүүдэд улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, улмаар хорио цээрийн хугацааг 14 хоногоор сунгаад байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хувь хүн, ААН-үүд хандив, тусламжийн аяныг өрнүүлж байна.
Уг хандивын аянд УИХ-ын гишүүн Ч.Ундрам нэгдэж, коронавирусийн халдвар илрээд буй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумын зайлшгүй тусламж шаардлагатай өрхүүдэд хүнс, түлш, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүний багцыг хувийн зүгээс хүргүүлснийг аймгийн Онцгой комисст хүлээлгэж өглөө.
Сүхбаатар болон Алтанбулаг сумын холбогдох албаны байгууллагаас гаргасан судалгааны дагуу сонгосон айл өрхүүдэд энэхүү тусламж хүрэх юм.
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн тусгаарлах байранд 12, Номин зочид буудалд иргэн Ц-гийн ойрын хавьтлын 24, нийтдээ 36 иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Нийт 391 хүнээс авсан шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. Олон улсын ачаа тээврийн 59 жолоочоос авсан шинжилгээнээс 57 жолоочийн шинжилгээний хариу сөрөг, ОХУ-ын нэг, Монгол Улсын нэг жолоочийн хариу эерэг гарсныг Улаанбаатар хот руу шилжүүлжээ. Тиймээс аймгийн Онцгой комиссоос эрсдэл өндөртэй энэ өдрүүдэд хөл хорионы дэглэмийг чанад сахиж гэрээсээ гарахгүй байхыг онцгойлон зөвлөж байна.
Мөн УИХ-ын гишүүн Ч.Ундрамын зүгээс Сэлэнгэ аймгийн ард, иргэдэд туслах хандивын аянд ААН, хувь хүмүүсийг нэгдэхийг уриаллаа.
ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ТЭМЦЭЖ, ХАЙРТАЙ БҮХНЭЭ ХАМГААЛЦГААЯ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайхан мэдээ байна сэтгэл байхад зүтгэл байна гэдэг билээ
Saihan medee bna