Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дууслаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албаны хүмүүс танилцууллаа
Шадар сайд Я.Содбаатар: Хэвлэл мэдээллийн байгууллага, сошиал орчинд идэвхитэй байгаа хүмүүс халдвар авсан хүмүүсийн нэр төрд халдах нь нэмэгдлээ. Амьсгал, агаар дуслын замаар халдвар тархаж байгаа учраас хэн ч хэзээ ч халдвар авч болно. Тодорхой нэг ААН, хувь хүн, иргэний нэр төрд бүү халдаач гэж хүсэх байна.
Мөн иргэдийн зээл, татвар яах вэ гээд маш олон асуудал хүлээгдэж байна. Иргэдээс ч их санал хүсэлт ирж байна. Эдийн засгийн чиглэлээр иргэн ААН-д хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ, манай улсын боломжит нөхцөл ямар байна вэ гэх асуудлаар тодорхой судалгаа хийж гурав хоногийн дотор Засгийн газрын хуралдаанд оруулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Өөрөөр хэлбэл ирэх лхагва гараг гэхэд банкны зээлийг хойшлуулах эсэх асуудал шийдэгдэнэ. Сошиал орчинд "банкны зээлийг хойшлууллаа" гэх мэт худал мэдээлэл явж байна. Энэ асуудал шийдэгдээгүй шүү!
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Д.Амбасэлмаа: Сэлэнгэ аймгийн тохиолдол эмнэлэгийн байгууллагаар явсан нь үнэн. Анхны уулзсан хүмүүсийг бүгдийг олж тусгаарлаж байна. Ойрын хавьтлын 171 хүнийг илрүүлсэн. Шинжилгээ бүгд сөрөг гарсан. Дам хавьтлын 200 гаруй хүний илрүүлж шинжилгээ хийж байна. Одоогийн Сэлэнгэ аймгийн халдварын голомтод сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Хөл хориог 14 хоног сунгасан шийдвэрийг Засгийн газар гаргалаа. УБ хотод 9, Сэлэнгэд 3 батлагдсан тохиолдол гарсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 255 ойрын хавьтал, дам буюу болзошгүй хавьтал нь 5300 орчим байна. 4200 орчим болзошгүй тохиолдлыг ирүүлээд байна.
Ерөнхий сайд үүрэг өгсөн. Сангийн сайд, Монгол банкны хамтарсан ажлын хэсэг гарсан. Ирэх лхагва гараг гэхэд эдийн засагт гарч буй хохирлыг хэрхэн хохирол багатай даван туулах судалгаа хийж эхэлсэн. ААН-ын түрээс, банкны зээл, ЖДҮ, хөдөлмөр эрхлэлт гэх мэт бүгдийг судалж байна. Улсын төсөв амаргүй байгаа ч хүүхдийн мөнгө зэргийг тасалдалгүй өгч байна. Ирэх лхагва гарагт дорвитой шийдвэр гарах байх.
Олон нийтийн цахим хуудсаар хүний нэр төрд халдсан асуудал гарахаар дараа дараачийн хүмүүс мэдээллээ нууцалж байна. Энэ нь нийгэмд ямар их хор хохиролтой болох нь тодорхой. Иймд иргэн бүр хаа хаанаа хариуцлагатай байж хүний нэр төрд халдах асуудал гаргахгүй байгаач. Хамтын хүчээр хүнд нөхцөл байдлыг даван туулж чадна шүү дээ.
НЗД бөгөөд УБ хотын захирагч Д.Сумъяабазар: Иргэд маань дэлгүүр, эмийн сан руу явж болно. Шаардлагагүй бол өөр газраар бүү яваач гэж хотын иргэддээ уриалмаар байна. Энэ нь та өөрийнхөө хайртай гэр бүл, нийслэл хот, эх орноо хамгаалж байгаа хэрэг шүү дээ. 14 хөн хоног ухамсартай байгаач гэж хотын даргын хувьд уриалж байна.
-Хөдөө орон нутгаас ирээд Улаанбаатар хотод гацсан иргэдийг хэрхэн буцаах вэ?
-Хэн нэг хүнийг хотоос гаргаад явуулсан тохиолдолд очсон аймагтаа халдвар тараачихвал яах вэ. Эхний ээлжинд ойрын болон дам хавьтлын хүмүүсээ 11 оношилгооны цэгтээ маш шаргуу шинжилгээнд хамруулж байна. Дуусаж, хавьтлуудыг хумьж авсны дараа хөдөө орон нутгийн иргэдээ нутаг буцаах асуудлыг ярина. УОК дээр энэ ажлыг хэрхэн зохицуулах вэ гэдэг судалгаа эхэлсэн. Гэртээ очсон хойно нь хэрхэн тусгаарлах, яаж шинжилгээ авах, овог нэртэй нь гаргах гээд олон асуудал ундарч байна. Тэдгээр иргэдийнхээ асуудлыг ойлгож байгаа ч нийтийн эрх ашгийн төлөө уужуу тайван хандаач гэж хүсч байна.
-Махны нийлүүлэлт хир байгаа вэ. Иргэд маш ихээр дугаарлаж, халдвар хамгаалалтын дэглэм алдагдаж байна?
-Өдөрт 350-470 тонн мах Улаанбаатар хотод нийлүүлэгдэж байна. Нөөцийн мах нэмж гаргаж худалдаалж байна. Иргэддээ хандаж хэлэхэд мах хүнсний бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа учраас тайван амгалан байгаач. Маргаашнаас цэгүүдийг нэмнэ. Хүнс тээврийн машинуудад иргэд нууцаар зорчих тохиолдол гарсан. Ийм эрсдэлтэй алхам бүү хийгээч гэж иргэддээ уриалж байна. УБ хот ХХААХҮ-ийн сайдтай хамтраад зохион байгуулалтад орж ажиллаж байгаа учраас ченжүүдийн гар дээрээс махны үнийн хөөрөгдөл үүсгэхгүй гэж найдаж байна.
-Эмнэлэгийн байгууллагын ажилчид өөрсдөө халдвар аваад байна. Энэ нь буруу ажиллагаатай холбоотой юу?
-Долоон эмч сувилагч халдвар авсан нь үнэн. Удаан хугацаанд бэлтгэл ажил хангаж, сургалт явуулсан. Хувцсаа хэрхэн өмсөж тайлах вэ, ариутгалыг хэрхэн хийх, эмчилгээ хэрхэн хийх гээд. Гэвч халдвар хамгаалалтын дэглэм алдагдах тохиолдол гарлаа л даа. Эмч эмнэлэгийн ажилчид маань удаан хугацаанд ажиллаж дархлаа суларсан ч шалтгаан бий. Шалтгаануудыг судалж, арилгах тал дээр ажиллаж байна. Дэлхий нийтийн дунджийг харвал эмч эмнэлэгийн ажилчид халдвар авах асуудал өндөр байгаа ч манай улсын тохиолдол дунджаас бага байгаа. Гэхдээ бид анхаарлаа сулруулахгүй.
-Энхсаран сувилалд халдвар хамгаалалтын дэглэм алдагдсан уу?
-Үнэн. Гэхдээ нөгөөтэйгүүр иргэдийн хувьд ч бас дэглэм алдагдсан асуудал бий. Судалж байна. Дүгнэлт гарна. Тодорхой болоод ирэхээр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Тус сувиллаас 40 гаран хүн халдвар авсан нь тогтоогдсон. Халдвар нэмж гарсан тухайн өдөр нь тус сувилалд байсан хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж, дахин шинжилгээ авсан. Эерэг гарсан хүмүүсийг нарийвчлан тусгаарласан. Мэдээллийг нуусан хаасан зүйл байхгүй.
-Сэлэнгийн тохиолдол хаанаас халдвар авсан байж болох вэ?
-Нарийвчилсан судалгаа хийгдэж байна. Мэргэжлийн байгууллагууд тээврийн жолооч нартай холбоотойгоор халдвар үүссэн байх магадлалтай гэж таамаглаж байна. Өнөө маргаашдаа шинэ тохиолдол гарахгүй бол Сэлэнгийн халдварыг хумьж авч чадна.
-Тусгай үүргийн нислэг хэзээ сэргэх вэ?
-12 дугаар сарын 01 хүртэл бүх нислэг цуцлагдсан. Билетээ авчихсан, нислэгээ хүлээж буй иргэд дараа дараачийн нислэгт багтана. Тусгаарлах байрнуудын халдвар хамгааллын дэглэмийг сайтар зохицуулсны дараа /нэг өрөөнд нэг хүн байх гэх мэт/ тусгай үүргийн нислэгийн асуудлыг ярина. Наана нь ярих боломж байхгүй.
-Шахмал түлшний нөөц хир байгаа вэ?
-Тавантолгой түлш ХК-ийн нөөц хангалттай бий. 22 компанийн 255 тов оврын тээврийн хэрэгслээр 285 цэг рүү түгээлт хийж байна.
-Захын дүүргүүдэд иргэд ихээр холхиж байгаа нь нууц биш болжээ?
-Хорио цээрийн дэглэм сахиулах ажлыг тусгай зураглал төлөвлөгөөний дагуу хийж байгаа. 5000 гаруй цагдаагийн албан хаагч хоёр ээлжээр ажиллаж байна. Хотын төвөөр дэглэм сахиулах ажил хэвийн байна. Захын дүүргүүдээр түлээ түлш, мах авна гээд иргэд ихээр холхиж байна. СХД-ийн цаад хэсэг, Шар хад гээд хэд хэдэн эмзэг цэг бий. Дроноор хянаж, анхааруулж байна. Иргэдийн хөдөлгөөнийг аль болох хязгаарлах нь дам хавьталтыг тогтооход нэмэр болох учраас иргэд маань ойлгож гэр гэртээ байгаачээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
тогны мөнгө төлөхгшүй бж болхуу