Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын 11:00 цагийн мэдээллийг хүргэлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Монгол Улсад коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 428 болсон. Нийслэл хотод хавьтлуудыг оношлох 11 түргэвчилсэн оношилгооны цэгийг ажиллуулж байгаа. Эдгээр цэгт өчигдрийн байдлаар 909 хүний шинжилгээг авсан бөгөөд 750 хүний сорьцод коронавирус илрээгүй. Бусад сорьцын шинжилгээний хариу 17:00 цагийн үед гарах болно" гэв.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "2020 оны арваннэгдүгээр сарын 14-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 814 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс хоёр хүнд коронавирус илэрсэн.
Нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын голомтын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 50 хүн, хоёр дахь хавьтлын 1125 хүнд шинжилгээ хийсэн. Хоёр дахь хавьтлуудын шинжилгээнд коронавирус илрээгүй, харин ойрын хавьтлын хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Ийнхүү тухайн голомтын батлагдсан тохиолдол ес боллоо.
Дархан-Уул аймгийн лабораторид 157 хүний хяналтын шинжилгээ хийсэн бөгөөд коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймгийн лабораторид ойрын хавьтлын 170 хүнд шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 428, үүнээс эдгэрсэн 328, ажиглалтад байгаа 16, гэрийн ажиглалтад хоёр, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310, нутаг буцаасан таван хүн байгаа.
Халдвартын клиникт 95 хүн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал хүнд хоёр, хүндэвтэр 20, хөнгөн 73.
ХӨСҮТ-д нийтдээ 163 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.