Их Британид "Yorkshire Ripper" хэмээн алдаршсан цуврал алуурчин Питер Сатклифф өнөөдөр Английн хойд хэсгийн эмнэлэгт нас баржээ. Тэрээр 74 настай байсан юм.
Сатклифф 1975-1980 оны хооронд Йоркшир бүс нутаг болон Английн баруун хойд хэсэгт 13 эмэгтэйг хөнөөсөн хэргээр бүх насаараа хоригдох ял эдэлж байжээ. Тэгвэл тэрээр коронавирусийн халдвар авсан болох нь саяхан тогтоогдоод байсан бөгөөд Сатклифф өөрөө эмчилгээнээс татгалзсан гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.
Мөн тэрээр зүрхний өвчин, чихрийн шижин, хэт таргалалт зэрэг хэд хэдэн суурь өвчинтэй байсан гэнэ. Түүний үхлийг шүүх эмнэлгээс шалгана гэжээ.
Питер Сатклифф 1970-аад оны үед залуу эмэгтэйчүүдийг зэрлэгээр хөнөөж байсан бөгөөд тухайн үеийн цагдаагийн чадваргүй байдлын улмаас түүнд үргэлжлүүлэн аллага үйлдэх боломж олдсон байна. "Yorkshire Ripper"-ийг олж баривчлах ажиллагаа нь Их Британийн түүхэн дэх хамгийн том эрэн сурвалжлах ажиллагаануудын нэгд тооцогддог ба түүнийг барихын тулд 2.5 сая хүнцагийг зарцуулжээ.
Ингээд тэрээр 1981 онд баригдан, ял сонсож, Беркширийн "Broadmoor" эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлснийхээ дараа 2016 онд "HMP Frankland" шорон руу шилжиж байсан аж.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.