Филиппин улсад хүчтэй хар салхи бууж, дор хаяж 39 хүн нас барсан бөгөөд нийслэл Манила орчмын олон тосгоныг зузаан шавар, хог хаягдал бүрхжээ. Мөн аврах багийнхан олон мянган хүнийг авраад байгаа ба усны түвшин өндөр хэвээр байгаа тул аврах ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа аж.
Тус улсын Цэргийн штабын дарга, генерал Гилберт Гапай гамшгаас хамгаалах албаны хүмүүстэй хийсэн шуурхай хуралдааны үеэр "Одоогоор 39 хүн нас барж, 32 хүн сураггүй алга болоод байна. Бид алга болсон хүмүүсийг үргэлжлүүлэн хайх бөгөөд хохирлыг үнэлэх ажиллагаанд туслах болно" хэмээн мэдэгдсэн байна.
Хар салхи дэгдэхээс өмнө далайн эрэг, нам дор газар нутгийн оршин суугчид болох 350 мянга гаруй иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Харин хар салхи бууснаас хойш Филиппиний үндэсний цагдаагийн газраас 100 мянга гаруй хүнийг аварсан гэнэ.
Түүнчлэн Манила болон захын мужуудад дор хаяж 3.8 сая өрх гэр цахилгаан эрчим хүчээ алджээ. Тус улсад өнөөдөр төрийн байгууллагууд үүдээ барьж, улсын сургуулиуд хичээлээ цуцлаад байна.
Филиппин улс жил бүр 20 орчим хар салхи, халуун орны хүчтэй шуурганд нэрвэгддэг бөгөөд тогтмол газар хөдлөлт, идэвхтэй галт уул зэргийн улмаас дэлхийн хамгийн гамшгийн эрсдэлтэй орнуудын нэгт тооцогдох болсон юм.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.