Коронавируст цар тахалд хамгийн их өртөх магадлалтай нь бага насны хүүхдүүд болоод байгаа. Гэвч тэднийг хөл хорионд оруулж байгаа энэ үед өөр нэг аюул нүүрлэснийг Филиппин улсын Нийгмийн халамж, хөгжлийн газраас мэдэгджээ.
Тус газрын мэдээлснээр цар тахлын үед хүүхдийн эсрэг хүчирхийлэл урьд өмнө байгаагүйгээр огцом өссөн байна. Нийгмийн халамж, хөгжлийн газрын Төлөвлөлтийн хэлтсийн ажилтан Эпл Шэнь Ломолжогийн хэлснээр судалгаанаас харахад хүүхдүүдэд хүчирхийлэл үзүүлж байгаа этгээдүүд нь ихэвчлэн нэг гэрт амьдардаг хүмүүс болон гэр бүлийн гишүүд нь байгаа ажээ.
Цар тахлын үед хүүхдүүд гэртээ хөл хоригдож байгаа нь гэмт этгээдүүдэд тэднийг хүчирхийлэх боломжийг өсгөж байна, ихэнх хүчирхийлэгчид гэр бүлийн гишүүд нь байгаа ба нэн ялангуяа хууль бусаар мансууруулах бодис хэрэглэсэн этгээдүүд хүчирхийлэл ихээр үйлдэж байна гэж тэрээр ярьжээ.
Мөн ялгаварлан гадуурхаж илүү үзэх, жендэрт суурилсан хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг дарамт зэрэг хүчирхийлэл өссөн байна. Эцэг эхчүүд цар тахлаас болж ажлаа алдах, санхүүгийн дарамтад орсноор хүүхдүүддээ уур бухимдлаа гаргаж, бие махбодь сэтгэл санааны дарамтад оруулж байна гэж Ломолжо хатагтай хэлжээ.
Мөн хүүхдүүд гэрээсээ гарч чадахгүй, сургуулиуд хаалттай, найз нөхдөөсөө тусгаарлагдсан байгаа нь тэд гэр бүлийн таагүй орчинд бүх цагаа өнгөрөөх нөхцлийг бүрдүүлж байна. Тиймээс хэрэв хүчирхийллийн шинж чанартай үйлдэл ойр тойронд тань, хөрш айлд чинь ажиглагдвал холбогдох байгууллагуудад хандан мэдээлэхийг уриалжээ.
Эх сурвалж: Big News Network
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.