Бүгд Найрамдах Гана Улсад хоёр ч удаа төрийн эргэлт хийж, тогтвортой ардчилалд шилжихэд амжилттай удирдсан Ерөнхийлөгч асан Жерри Ролингс 73 насандаа таалал төгсжээ.
Ролингс нийслэл Аккра хотын "Korle Bu Teaching" эмнэлэгт пүрэв гарагийн өглөө нас барсан гэж Гана улсын одоогийн Ерөнхийлөгч Нана Акуфо-Аддо мэдэгдсэн байна. Тэрээр тус эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан аж.
Ерөнхийлөгч Акуфо-Аддо албан ёсны мэдэгдлийнхээ үеэр Жерри Ролингсын гэр бүлд эмгэнэл илэрхийлээд, улс даяар төрийн оршуулгын ёслолын ажиллагаанд бэлдэж байх үеэр далбаа, тугуудыг долоон өдрийн турш хагас буулгасан байдалтай мандуулах болно гэж зарлажээ. Тэрээр мөн "Агуу мод унаж, Гана улсад том гарз хохирол учирлаа" хэмээн тэмдэглэсэн юм.
Ролингс 1947 онд төрсөн бөгөөд түүний аав нь шотланд, ээж нь гана эмэгтэй байжээ. Агаарын хүчний офицероор бэлтгэгдсэн тэрээр 1979 онд төрийн эргэлт хийснийхээ дараа засгийн эрхэнд гарсан хэдий ч удалгүй эрх мэдлээ иргэний засаглал руу шилжүүлж өгсөн байна.
Тэгвэл 1981 оны арванхоёрдугаар сард тэрээр хоёр дахь удаагаа төрийн эргэлт хийж, 1992 онд Гана улсыг буцаан ардчилалд шилжүүлсэн олон намын сонгуулийг нэвтрүүлэх хүртэл тус улсын цэргийн удирдагч байжээ. Ингээд Ролингс уг сонгуульд ялж, 1993 онд Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн бөгөөд дараа нь дахин хоёр удаа сонгогдож, 2001 онд албан тушаалаа орхисон аж.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.