СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: М.Мөнхшүр: Дэглэм журмыг зөрчиж бүлэг бөөгнөрөл үүсгэсэн хүмүүст хатуу хариуцлага тооцно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын дэглэмд шилжчихсэн байгаа цаг үед олны танил жүжигчин, дуучин нарын зургаан хүн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт мөрийтэй тоглож байгаад ЭЦА-ны алба хаагчдад баригджээ. Энэ талаарх болон бусад мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулав.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Мөнхшүр:

Орон даяар бэлэн байдлын дэглэмд шилжчихсэн байгаа цаг үед буюу энэ сарын 12-13-нд шилжих шөнө 01.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э, Х, Т нар бусадтай бүлэглэн зургуулаа мөрийтэй тоглоом тоглож байсныг ЭЦА-ныхан илрүүлэн таслан зогсоож, мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлж байна.

Дээрх хүмүүсийг Эрүүгийн хуульд заасны дагуу мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан, оролцсон, орон байраар хангасан гэх үндэслэлээр буруутган шалгана. Дээрээс нь улс орон даяар бэлэн байдлын дэглэмд шилжчихсэн байхад энэ мэтчилэн бүлэг бөөгнөрлийг бий болгосон хүмүүстэй хатуу хариуцлага тооцно.

Мэргэжлийн байгууллагуудаас иргэдийг гэртээ байгаач, гадуур битгий гараач хэмээн сурталчилгаа мэдээллийг хангалттай хүргэсээр байхад зөрчил гаргасан хэнд ч хариуцлага тооцно.

Мөн аймаг нийслэл, сум дүүргийн засаг даргын захирамж шийдвэрээр улс орон даяар архи согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглочихсон байгаа энэ үед иргэд архи согтууруулах ундааг хууль бусаар шаглан худалдаалах зөрчил олноор гарч байна.

Цахим мэдээллийн хуудсанд архи, пиво зарна хүргэнэ гэх зарыг тавьж худалдан борлуулах зөрчил олноор гарч байна. Уг зарыг тавьсан аккаунт бүрийг цагдаагийн алба хаагчид шалгаж байгаа. Архи согтууруулах ундааг зөвхөн найман нэрийн хүнсний дэлгүүрүүд тусгай зөвшөөрөлтэйгээр зарах эрхтэй. Гэтэл хууль бусаар баталгаагүй бүтээгдэхүүнийг зарж байсан 60 хүнийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн саатуулж, зохих шийтгэлийг оноосон. Дээрх зөрчил гаргасан хүнийг эхний удаад зөрчлийн тухай хуулиар шийтгээд давтан үйлдсэн байвал шийтгэл нь улам хүндрээд явдаг байгаа.

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагын 5000 алба хаагч чиг үүрэг хэрэгжүүлж байна. УОК-ын гаргасан шийдвэрийн дагуу 13 төрлийн ажил үүргийг хэрэгжүүлэгчид хувийн унаагаар болон албаны унаагаар ажилдаа ирнэ, буцна. Бидний яриад байгаа онцгой тохиолдол буюу эмнэлэг явах, хүнсээ цуглуулах гэх мэт тохиолдолд л хувийн унаагаараа явах ёстой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.