ЭМЯ-наас өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн дэлхий дахинд хийсэн COVID-19 халдварын талаарх судалгааны тоймыг танилцуулж эхэлсэн билээ. Манай улсад халдварын голомт бүртгэгдээд байгаа энэ үед дэлхийн бусад улс орнууд халдварын эсрэг ямар арга хэмжээ авч ажилласан. Хөл хорио тогтоох, амны хаалт зүүх нь хэр үр нөлөөтэй талаар хийсэн судалгааг түүвэрлэн хүргэж байна.
Английн судлаачид дэлхийн 149 улс оронд 2020 оны 1-р сарын 1-ээс 5-р сарын 30-ны өдрийг хүртэл тогтоосон хөл хорио, хөдөлгөөн хязгаарлалтын нөлөөг судлахад Ковид-19-ийн тохиолдлыг дунджаар 13%-иар бууруулсан гэж үзэж байна. Мөн нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох, сургууль хаах, олон нийтийн цугларалтыг цуцалсан нь нөлөө үзүүлсэн болохыг дурьджээ.
Германы Эрфурт их сургуулийн судалгаагаар маск зүүдэг хүмүүс зүүдэггүй хүмүүсээс 7 дахин илүү гар угааж, гар барихаас 20 дахин илүү татгалздаг, зайн хязгаарлалтыг 13 дахин илүү дагаж мөрддөг байна. Амны хаалт хэрэглэх нь Ковид-19-өөс сэргийлэх бага өртөгтэй, үр өгөөжтэй, бусад арга хэмжээг дагаж мөрдөх үндэс суурь болдог зөв арга хэмжээ хэмээн дүгнэжээ.
Даавуун амны хаалт дор хаяж 2 давхар байвал халдвараас сэргийлэх үр дүнтэй гэдгийг Австралийн судлаачид туршилтаар илрүүлжээ. Мэс заслын (нэг удаагийн)амны хаалт халдвар дамжихаас хамгийн үр дүнтэй хамгаалж байжээ.
Хэрэв хүн амын 90 хувь нь гар угаах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих дүрмийг хэрэгжүүлж чадвал Ковид-19-ийн дэгдэлт олон хүнийг хамрахгүй гэдгийг судалгаагаар баталжээ.
Канзасын их сургуулийн судлаачид коронавирус нь хавар, намрын улиралд илүү тэсвэртэй болохыг лабораторийн туршилтаар баталжээ. Вирус хир удаан тэсвэртэй байх нь эд зүйлийн гадаргуу, орчны температур, чийгшлээс шалтгаална гэж дүгнэжээ. Вирус 13 хэмийн дулаантай, 66%-ийн чийгшил орчинд 17-31 цаг амьд байсан бол 25 хэмийн дулаанд 70% чийгшилтэй орчинд 3,5-5,5 цаг идэвхтэй байжээ. Иймээс тогтмол цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх нь халдвар тархах эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтойг онцолжээ.
Канадын Торонтогийн их сургуулийн эрдэмтэд Ковид-19-ийн үед хүн хоорондын зайг 2 метр гэж тогтоон мөрдүүлж байгааг туршилт судалгаагаар хангалтгүй гэж үзжээ. Уг судалгаагаар өвчтөн ханиах найтаах үед шүлсний дусал 5 метрийн зайд тархаж буйг тогтоосон байна.
Калифорнийн их сургуулийн судлаачид АНУ-ын мужуудад орлогын түвшнээс шалтгаалж хүн хоорондын зайг хэрхэн барьж байгаа талаар судалгаа хийжээ. Судалгааны дүнгээр амьдралын чадавх сайтай хүмүүс цар тахлын үед гадуур явах нь багасахаас гадна хоорондоо зайнаас харьцаж байжээ. Харин амьдралын чадавх султай хүмүүс гадуур их явж, хүн хоорондын зайг баримтлахгүй байгааг тогтоожээ.
Нидерланд улсын эрдэмтдийн судалгаагаар агаарын бохирдол коронавирусийн халдварын тохиолдолтой хамааралтай болохыг тогтоожээ. 1 м3 агаар дах нарийн ширхэгт тоосонцор 1 микрограмаар нэмэгдэхэд тохиолдлын тоо 15-аар, эмнэлэгт хэвтэлт 4-өөр, нас баралт 3-аар нэмэгдэж байжээ.
АНУ болон Хятадын эрдэмтэд хамтран метронд коронавирусийн халдвар тархах магадлалыг тооцжээ. Халдвартай хүний хажууд сууж байгаа зорчигч халдвар авах эрсдэл хамгийн өндөр буюу 3.5% байжээ. Харин нэг эгнээнд сууж байгаа зорчигчид халдвар тархах байдал 1.5% байжээ. Мөн судлаачид халдвартай хүн сууж байсан суудал дээр дараагийн хүн суухад өвчин дамжих эрсдэл 0.075% гэж дүгнэжээ. Тиймээс судлаачид халдвартай хүнтэй нэг эгнээнд сууж байгаа зорчигчид 1 цагийн туршид хамт зорчвол 1м-ээс илүү зайг баримтлах ёстой бол 2 цагийн хугацаанд хамт зорчвол 2.5м-ээс илүү хол зайтай суух ёстой гэжээ.
Их Британийн судлаачид амны хөндийн эрүүл ахуйг сайн сахих нь Ковид-19-н халдварын эрсдэлийг бууруулна гэж үзжээ. Учир нь амны хөндийд байх олон төрлийн бичил биет нь зүрх судас, даралт ихсэх, сахарын өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд улмаар Ковид-19-н үед эдгээр өвчний эрсдэл нэмэгдсэнээр өвчтөн коронавируст халдвараар хүндээр өвдөх эрсдэлийг бий болгоно гэжээ.
Тамхи татах, дасгал хөдөлгөөн хийхгүй байх, архи хэтрүүлэн хэрэглэх нь Ковид-19-өөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйлс гэж судлаачид үзжээ.
Хонг Конгийн судлаачид дэгдэлтийн эхэн үед бүх нийтээр амны хаалт зүүх шийдвэр гаргасан 42 улсад КОВИД-19-ийн нөхцөл байдал хөнгөн, халдвар тархалтын түвшин бага байгааг тогтоожээ.
АНУ-ын Калифорнийн их сургуулийн судалгаагаар хүний дархлааны хариу үйлдлээс коронавирус “бултах” чадвартайг илрүүлсэн байна.
Солонгосын эрдэмтэд СOVID-19-тэй 2 өвчтөнд үйлчилж байсан ээлжийн 19 сувилагчийн хамгаалах хувцас хэрэгслээс цуглуулсан 133 сорьцыг шинжлэхэд 11%-д нь вирус илэрчээ. Ялангуяа малгай 26%, хамгаалах хэрэгслийн хөл нурууны хэсэг 26%, гутлын ул 16%, бугуй ба энгэр хэсгийн 5%-д тус тус вирус илэрсэн.
Хятадын эрдэмтдийн судалгаагаар Ковид-19 цельсийн +5-аас+15 градус болон 1м куб агаарт чийгшил 3-10 байхад вирус идэвхтэй үрждэгийг тогтоосон байна. Эрдэмтэд цаг агаар дулаарснаар дэгдэлт буурахгүй гэж үзжээ.
Их Британийн эмч нар Европын 20 оронд судалгаа хийж Д аминдэмийн дутагдал COVID-19-ийн халдвараар өвчлөх, нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж дүгнэжээ. Иймд COVID-19 халдвараас сэргийлэх зорилгоор Д аминдэмийг нэмэлтээр хэрэглэхийг зөвлөжээ.
Өмнөд Солонгосын судлаачид Ковид-19-тэй иргэдийн дунд шим тэжээллийн дутагдал байгаа эсэхийг судалжээ. Өвчтөнүүдийн 76 хувь нь Д аминдэмийн дутагдал 42 хувь нь селиний дутагдалтай байсан бол В1, В6, В12, фолийн хүчил, цайрын түвшин хэвийн байжээ.
Биеийн байдал хүнд өвчтөнүүд дор хаяж нэг аминдэмийн дутагдалд орсон байгааг тогтоосон. Д аминдэм, селиний дутагдалтай хүмүүсийн биеийн эсэргүүцэл сул байдаг тул COVID-19-ийн халдвар авах эрсдэлтэй гэдгийг мэдээлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.