Бүгд Найрамдах Буриад Улсын анхны Ерөнхийлөгч Леонид Потапов 86 насандаа таалал төгссөн болохыг тус улсын албан ёсны портал дээр мэдэгджээ.
Мэдэгдэлд "Бид бүх Буриадын ард түмэнд тохиосон гарз хохиролд чин сэтгэлээсээ гашуудаж байна. Леонид Васильевичийн гэгээн дурсамж Буриад улсын түүхэнд мөн түүний хамт олон, гэр бүл, хамаатан садан, найз нөхдийн зүрх сэтгэлд үүрд үлдэх болно" хэмээн Буриадын Засгийн газар болон тэргүүн Алексей Цыденовын өмнөөс эмгэнэл илэрхийлсэн байна.
Ерөнхийлөгч асан Потапов Буриад улсад бүхий л амьдралаа зориулсан гэдэг. "Манай улсын хувьд хамгийн хүнд хэцүү үеийг удирдаж байхдаа Потапов улс орноо дэвшилтэт хөгжилд хүргэж чадсан. Тэрээр Ерөнхийлөгчийн байр суурийг орхисныхоо дараа ч Бүгд Найрамдах Буриад Улсын төлөө үргэлжлүүлэн ажилласаар ирсэн" гэж Цыденов тэмдэглэжээ.
Леонид Потапов 1935 оны долдугаар сарын 4-нд Буриадын Уакит тосгонд төржээ. Хабаровскийн төмөр замын инженерийн дээд сургуулийг механик инженер мэргэжлээр төгсөөд, Улаан-Үд хотын зүтгүүр, вагоны засварын үйлдвэрт ажиллаж байсан аж. Дараа нь тэрээр Эрхүүгийн Ардын аж ахуйн дээд сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцсан байна.
Удалгүй тэрээр ЗХУ-ын Коммунист намын Буриадын бүсийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1991 онд тус улсын Дээд зөвлөлийг удирдах болсон бол 1993 онд сенатч болсон. Ингээд 1994 оны бүх нийтийн сонгуулиар Буриадын анхны Ерөнхийлөгч, мөн Засгийн газрын даргаар сонгогдсон байна. Тэрээр 1998, 2002 онуудад улиран сонгогдож, 2007 оны долдугаар сард огцорчээ.
Үүнээс хойш тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны тэргүүний туслах, Орос-Туркменистаны Бизнесийн зөвлөлийн дэргэдэх Хяналтын зөвлөлийн тэргүүнээр ажилласан бөгөөд 2009 оноос ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Буриадын эрдэм шинжилгээний төвд зүтгэсэн байна.
Леонид Потапов Октябрийн хувьсгалын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хүндэт тэмдгийн одон, Найрамдлын одон болон Эх орны гавьяаны одонгийн III, IV зэргээр шагнуулж байжээ.
Эх сурвалж: Риа Новости
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.