Японы Хоккайдо арлын Такикава тосгонд ойрын жилүүдэд ойн баавгай орч ирэн оршин суугчдад аюул заналхийлэх нь нэмэгджээ. Тиймээс тосгоны иргэд баавгайн аюулаас сэрэмжлэхийн тулд робот чононуудыг байрлуулсан байна. Чонын дүртэй роботууд ирснээс хойш баавгай тосгоны иргэдэд ойртохоо больжээ.
Тосгоны удирдагчид энэ жилийн есдүгээр сард баавгайнуудыг айлгахаар Мангас Чоно нэртэй хоёр роботыг худалдан авч байрлуулжээ. Энэ цагаас хойш баавгай дахин гарч ирээгүй байна.
2020 онд Японд баавгай иргэдийн эзэмшилд нэвтрэх тохиолдол таван жилийн хугацаанд хамгийн өндөр байжээ. Ихэвчлэн улсын баруун болон хойд нутгийн алслагдсан бүсэд харагдах нь нэмэгдсэн байна. Баавгайнууд зөвхөн иргэдийн эзэмшилд нэвтрээд зогсохгүй хэдэн арван удаа иргэд рүү дайрчээ. Баавгайд бариулсан хоёр хүн энэ онд нас барсан байна.
Тиймээс баавгайн дайралтаас сэргийлэх шуурхай хуралдааныг өнгөрсөн сард Японы эрх баригчид зохион байгуулсан юм. Баавгайнаас хамгаалах мангас чоно дөрвөн хөлтэй, том биетэй, гялтганасан улаан нүдтэй. Ямар нэг хөдөлгөөн мэдэрвэл толгойгоо хөдөлгөж, гэрлээ асаан, чонотой ижил дуу авиа гаргадаг байна. Роботыг зохион бүтээгч Ота Сейки хоёр жилийн хугацаанд 70 ширхгийг зарж борлуулжээ.
Жинхэнэ чононууд зуу гаруй жилийн өмнө агнагдаж устахаасаа урьд Японы төвийн болон хойд арлуудад нутагшиж байсан юм. Такикава хотын албаны хүмүүс баавгайнууд 11 дүгээр сарын сүүлээр ичээндээ орохын өмнө идэвхтэйгээр хоол хүнс хайж иргэдийн оршин суудаг газар луу нэвтэрч ирдэг гэжээ. Энэ жил боргоцой самар ойд бага ургасан тул зэрлэг ан амьтад ийнхүү иргэдийн эзэмшилд нэвтрэх нь нэмэгдсэнийг мэдээлжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.