СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Далай лам цаг уурын өөрчлөлтийн эсрэг уриалав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дээрхийн гэгээн Далай лам Данзанжамц  дэлхийн удирдагчдад хандан цаг уурын өөрчлөлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахгүй бол манай дэлхий дээр амьдарч буй олон тэрбум хүний амьдралд сөргөөр нөлөөлнө хэмээн сэрэмжлүүлжээ.

Далай лам “Будда ногоон болно” гэсэн нэртэй шинэ номоо танилцуулж байгаатай зэрэгцэн дээрх уриалгаа гаргасан байна. Уг номондоо тэрээр хэрэв Будда дэлхий дээр эргэж ирвэл ямар байх тухай дурджээ.

Төрсөн нутаг Төвөдөөсөө гарч 60 орчим жил цөллөгт байгаа Буддын шашны тэргүүн Далай лам Энэтхэгийн Дарамсала хотод Channel 4, Guardian зэрэг гадны хэвлэл мэдээллийн байгууллагуудад яриа өгсөн байна..

Хоёр настай байхдаа Далай ламын хойд дүрээр тодорч байсан Лхам Донров буюу 14 дүгээр Далай лам коронавируст цар тахлын улмаас дэлхий дахинтай Zoom цахим сүлжээ ашиглан холбогдож байгаа юм. Тэрээр Төвөдийн шашин төрийг хослуулсан тэргүүн байсан ч 2011 онд улс төрийн үйл хэргээс өөрийгөө чөлөөлсөн.

Энэ долоо хоногт НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн 26 дахь их хурлын өмнөх бага хурал Шотландын Глазгөү хотод коронавируст цар тахлын улмаас долоон сарын турш хойшлогдсоны эцэст болж байгаа юм. Дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд дэлхийн удирдагчид төдийгүй НҮБ илүү чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байгаагаа Далай лам илэрхийлсэн.

Тэрээр "Томоохон улс орнууд экологийн тэнцвэртэй байдалд илүү их анхаарал хандуулах хэрэгтэй. Дайн тулаан, зэр зэвсэгт маш их хэмжээний хөрөнгө зарцуулж буй улс орнууд тэдгээр хөрөнгө мөнгөө цаг уурын аюулгүй байдлыг хадгалахад зарцуулна гэж найдаж байна" гэжээ.

Далай лам цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд мод их хэмжээгээр тарихыг уриалж байна. Мөн дэлхий даяар махны хэрэглээг үе шаттайгаар бууруулах хэрэгтэй гэж үзжээ. Тэрээр 1965 оноос хойш мах хэрэглэхээ больсон ч эрүүл мэндийн асуудлаас болж эмч нар түүнийг бага хэмжээгээр мах хэрэглэхийг зөвлөх болсон юм.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.