Дэлхийн улс орнуудаас коронавирусийн цар тахалд өртөөгүй цөөхөн хэдэн газрын нэг байсан Бүгд Найрамдах Вануату Улсад халдварын анхны тохиолдол бүртгэгджээ. Номхон далайн өмнөд хэсэгт орших энэхүү арлын улс нь нийт 300 мянган иргэнтэй аж.
АНУ-аас буцаж ирээд, тусгаарлалтад ороод байсан 23 настай эрэгтэйгээс энэ долоо хоногт шинжилгээ авахад, хариу нь "Эерэг" гарсан байна. Энэ сарын 4-нд Вануатуд буцаж ирсэн тус эрэгтэйд халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэдгийг тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдсэн юм.
Албаныхан одоо уг эрэгтэйн нислэгт хамт сууж ирсэн хүн бүрийг өөрийгөө тусгаарлахыг шаардаад байгаа бөгөөд ойрын хавьтлуудыг нь тогтоож байгаа аж. Гэхдээ сургууль, ажлын байрыг хааж, олон хүний цугларалтад хязгаарлалт тавихгүй, харин улс даяар гар угаах цэгүүдийг ажиллуулж, иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангахыг уриалах гэнэ.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахал дэлхийн 217 орон, нутаг дэвсгэрт тархаж, нийт 51 сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Түүнчлэн 1.3 сая гаруй хүн уг вирусийн улмаас нас бараад байгаа юм.
Эх сурвалж: CNN, Sky News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.