ОХУ-ын "Спутник V" коронавирусийн эсрэг вакцины халдвараас урьдчилан сэргийлэх чадвар нь 92 хувийн үр дүнтэй болох нь урьдчилсан судалгаагаар тогтоогдсон гэж тус улсын Шууд хөрөнгө оруулалтын сангаас өнөөдөр мэдэгджээ. Үүнээс өмнөхөн даваа гарагт АНУ-ын "Pfizer" өөрийн боловсруулж буй коронавирусийн эсрэг вакциныг 90 гаруй хувийн үр дүнтэй хэмээн зарлаад байсан юм.
Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд коронавирусийн халдвар авах магадлал 92 хувиар бага байжээ. Энэхүү үр дүн "Спутник V" вакцины хоёр удаагийн тунг тариулсан 16 мянган сайн дурынхны мэдээлэлд үндэслэн гаргасан байна. Туршилтад хамрагдсан хүмүүсийн 20 нь коронавирусээр өвчилсөн бөгөөд тэдний хэд нь вакцин хийлгэсэн болохыг шинжилж үзсэний дараа тус дүгнэлтийг гаргасан аж.
Вакцины туршилт дахиад зургаан сар үргэлжлэх бөгөөд судалгааны мэдээллийг олон улсын анагаах ухааны тэргүүлэх сэтгүүлд мэргэжил нэгтнүүдийн үнэлгээний дараа нийтлэх болно гэж Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангаас тэмдэглэжээ. Одоогоор ямар нэгэн ноцтой гаж нөлөө бүртгэгдээгүй байна.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны эцэс гэхэд бүх нийтийн вакцинжуулалтыг эхлүүлэх төлөвтэй байгаа гэж мэдэгджээ. Албаныхан Москва даяар вакцинжуулалтын өрөөнүүдийн томоохон сүлжээг нэвтрүүлж байгаа бөгөөд хамрагдахыг хүссэн иргэд ирэх сарын эхээр ч тариулж магадгүй гэдгийг хотын орлогч дарга Анастасия Ракова онцолсон байна.
ОХУ энэ сард "Спутник V" вакцины 800 мянган тунг үйлдвэрлэхээр зорьж байгаа бол ирэх арванхоёрдугаар сард 1.5 сая тун үйлдвэрлэх аж. Харин 2021 оноос харьцангуй их хэмжээний вакцин үйлдвэрлэж эхлэх гэнэ. Мөн тус улс Энэтхэгт 300 сая тун нийлүүлэх гэрээ байгуулаад байгаа бол Бразил, БНХАУ болон БНСУ-д тодорхой бус хэмжээний тунг нийлүүлэхээр болжээ.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.