АНУ-ын "Pfizer" эмийн корпорац ХБНГУ-ын "BioNTech" биотехнологийн компанитай хамтран боловсруулж буй "BNT162b2" нэртэй коронавирусийн эсрэг вакцин нь халдварын 90 гаруй хувийг урьдчилан сэргийлэх чадвартай гэдэг нь урьдчилсан судалгааны үр дүнгээр тогтоогджээ.
"Pfizer"-ийн туршилтад хамрагдсан нийт 44 мянган хүний 94 нь цар тахлаар өвчлөөд байгаа бөгөөд эдгээр халдварын есөөс цөөн тохиолдол нь вакцины хоёр удаагийн тарилга хийлгэсэн хүмүүсийн дунд байсан аж. Энэ нь тус вакцин 90 дээш хувийн үр дүнтэй байгааг илтгэж байгаа юм.
Судалгааны дүнгээс харахад иргэдэд вакцины хоёр дахь тунг тарьснаас хойш долоо хоногийн дараа халдварын эсрэг хамгаалалт үүсэж байсан аж. Хоёр тунг 21 хоногийн зайтай тарьдаг байна. Гэвч одоогоор гуравдугаар шатны өргөн хэмжээний судалгаа одоо ч үргэлжилж байгаа тул үр дүнгийн түвшин харилцан адилгүй байж болох гэнэ.
Мөн "BNT162b2" вакцинд аюулгүй байдлын ямар нэгэн асуудал илрээгүй гэж хараат бус хяналтын зөвлөлөөс мэдэгдсэн байна. Түүнчлэн тус зөвлөл нь хэрвээ тус вакциныг үр дүнгүй гэж үзвэл туршилтыг зогсоох бүрэн эрхтэй ба судалгааны ажлыг төлөвлөсний дагуу үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ. Хяналтын ажиллагаанд оролцсон мэргэжилтнүүд ямар ч вакцин хэзээ ч 100 хувийн үр дүнтэй байдаггүй бөгөөд уг вакциныг хийлгэх хүсэлтэй бүх хүмүүст тарьж дуусахад хэдэн сар шаардагдана гэдгийг онцолсон юм.
Хамгийн түрүүнд коронавирусийн тогтмол эрсдэлд ажилладаг эрүүл мэндийн ажилтнууд вакцин хийлгэх бөгөөд дараагаар нь өндөр эрсдэлтэй өндөр настай хүмүүс тариулна. Бүх зүйл хэвийн тохиосон ч 2021 он гарж байж ихэнх америкчууд вакцин хийлгэсэн байх болно гэж шинжээчид үзэж байна.
"BNT162b2" вакциныг хөгжүүлэгч хоёр компани энэ сарын сарын гурав дахь долоо хоногт аюулгүй байдал болон үр дүнгийн талаарх хангалттай мэдээлэлтэй болно гэж үзэж байгаа бөгөөд АНУ-ын Хүнс, эмийн захиргаанд яаралтай зөвшөөрөл авах хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Мөн "Pfizer" компани энэ онд тус вакцины 50 сая тунг үйлдвэрлэхээр зэхэж байгаа бол ирэх онд 1.3 тэрбум тун үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: USA Today, The Washington Post
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.