Энэтхэгийн Ахмедабад хотод амьдардаг зургаан настай жаал хүү Архам Ом Талсаниа дэлхийн хамгийн залуу компьютерын программистаар тодорч, Гиннесийн дээд амжилтын гэрчилгээгээ гардан авчээ.
Архам "Python" програмчлалын хэлний "Microsoft"-ын гэрчилгээ олгох шалгалтад тэнцсэн тул Гиннес хүүгийн энэ амжилтыг үнэлэн, түүнийг дэлхийн хамгийн залуу компьютерын программист хэмээн баталсан байна. "Python" нь өргөн хэрэглээтэй, ерөнхий зориулалтын өндөр түвшний програмчлалын хэл аж.
Тэрээр "Аав маань надад код бичихийг зааж өгсөн. Би хоёр настайгаасаа таблет хэрэглэж эхэлсэн. Гурван настайдаа би "iOS", "Windows" үйлдлийн системтэй төхөөрөмжүүд худалдаж авч байсан. Хожим нь би аавыгаа "Python" програмчлалын хэл дээр ажиллаж байсныг мэдсэн" хэмээн ярьжээ.
Түүнчлэн Талсаниа хүү дэлхийн дээд амжилтыг эвдсэн талаараа "Python-ы гэрчилгээгээ авахдаа би хэд хэдэн жижиг тоглоом зохиож байсан. Ингээд тэд надаас энэ ажлынхаа талаар баримт илгээхийг хүссэн. Хэдэн сарын дараа тэд намайг хүлээн зөвшөөрч, би Гиннесийн дээд амжилтын гэрчилгээ авсан" гэсэн юм.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.