Улсын онцгой комиссоос цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Шадар сайд Я.Содбаатар: Өнгөрсөн шөнө хоёр хүнээс коронавирус илэрсэн. Тиймээс Улсын онцгой комисс шөнө хуралдаж гурван хоногийн хугацаанд хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Одоо тухайн халдвар авсан иргэдийн явсан зам, хавьтсан хүмүүсийн тухай мэдээллийг тогтоохоор ажиллаж байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Аравдугаар сарын 14-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолоочоос шинжилгээ авахад тухайн үед нь хариу нь сөрөг гарсан. Тусгаарлах байранд байсан үед нь гурван удаа шинжилгээ авсан. Энд ирж 21 хоног тусгаарлагдаад гэртээ гарсных нь дараа дахин тандалтын шинжилгээ авахад эхнэрийн хамт коронавирустэй болох нь тогтоогдсон. Тиймээс тусгаарлалтаас гарсан иргэдийг дахин шинжлэх арга хэмжээг яаралтай зохион байгуулж эхэллээ.
Энэ хүмүүсийн ойрын хавьтлын 24 хүнийг тусгаарлан шинжилгээ авсан хоёр цагийн дараа шинжилгээний хариу гарна. Халдвар авсан иргэний хувьд эхнэр, 1, 4 настай бага насны хоёр хүүхэдтэй. Хашаандаа аав, ээж нь хамт амьдардаг.
Эрсдэлийг тооцоолон орны бэлэн байдлыг хангахаар ажиллаж байна. Төр засаг арга хэмжээ авахаас гадна ард иргэд үүргээ ухамсарлаж, амны хаалт зүүх, гараа угаах, зай барих арга хэмжээг авснаар халдвар тусахгүй гэдгийг олон улсад нотлоод байгаа. Түүнчлэн аль болох эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байх. Харин 1800-0119 утсаар зөвлөгөө авахыг иргэдэд дахин сануулмаар байна.
ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн: Засгийн газраас дараах шийдвэрүүдийг гаргасан. Алтанбулаг боомтыг 11-р сарын 16-аас ирэх оны 1-р сарын 18-ныг хүртэл хаана. Ингэхдээ энэ сарын 16-ныг хүртэлх хугацаанд ачаа тээврийг өндөр хамгаалалтын дор нэвтрүүлж дуусгана.
Мөн Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг энэ сарын 23-наас хаахаар болсон. Үүнтэй холбоотойгоор сар бүрийн хоёр, дөрөв дэхь өдөр зөвхөн шатахуун нэвтрүүлэхээр боллоо. Улмаар Ханх, Ульхан гэх мэт боомтуудыг хаана.
Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоосон
Хотын дарга Д.Сумъяабазар: Иргэд маскаа зүүгээд, гараа угаагаад маш тайван байх хэрэгтэй. Иргэд хэт их тайвширсан байсан учраас маскаа зүүж, гараа угааж аяныг дахин эхлүүлэх шийдвэр гаргаж байсан. Хүнсний зохиомол үнэ ханш үүсгэж, сандарч тэвдэх хэрэггүй. Хүнсний бүх төрлийн нөөц хангалттай байгаа учраас иргэд ухамсартай хандах хэрэгтэй байна.
Яарч, сандарч, тэвдсэнээр асуудал шийдэгдэхгүй. Нийслэлийн Онцгой комисс боон бусад холбогдох байгууллага бүгд бэлэн байдлын зэрэг шилжиж, ажлаа хийж эхэлсэн. Иргэн хүний хариуцлагатай байдал, үүргээ ухамсарлах нь их чухал.
Нийслэлийн онцгой комисс шөнө хуралдаж, Засаг даргын захирамж гарсан. Захирамжид, олон нийтийг хамарсан, үйлчилгээний газруудыг гурав хоногийн хугацаанд хаах шийдвэр гарсан. Согтууруулах ундаа худалдаж байгаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүд хэвийн явах бөгөөд 07.00.22.00 цаг хүртэл ажиллаж, тодорхой цагаар ажиллахгүй, иргэдэд үйлчлэхгүй байх. Нийтийн тээвэр 06.00-09.00, 17.00-21.00 цагийн хооронд иргэдэд үйлчлэхээр захирамжид тусгасан.
Ийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Халдвар авсан иргэнийг яаж илрүүлсэн бэ?
-Тусгаарлах байрнаас гарснаас хойш байнгын тандалт хийгддэг. Үүний дагуу тандалт хийгдсэн. Тухайн иргэн ам бүл дөрвүүлээ, хоёр хүүхэд нь цэцэрлэгийн насны хүүхэд. Бүгд шинжилгээгээ өгсөн. Яг одоо тандалт хийж байгаа бөгөөд ямар байдлаар халдвар авсныг тогтоож байна.
-Тухайн иргэний явсан маршрут гарсан байсан. Мөн нийтийн тээврээр зорчсон, тоглолт үзсэн гэсэн мэдээлэл яваад байгаа. Тэгэхээр энэ маршрутын дагуух хүмүүс шинжилгээ өгөх шаардлагатай юу. Яг хэзээ халдвар авсан гэж үзэж байгаа вэ?
-Энхсаран амралтын газар халдвар хамгааллын дэглэм алдагдсан байж болзошгүй гэж үзсэн учраас тандалтын шинжилгээ хийж байсан. Халдвар авсан иргэн хаанаас халдвар авсан бэ гэдгийг нь яг одоо тогтоохоор ажиллаж байна. Ялангуяа тухайн иргэн өмнө нь халдвар авсан байсан уу эсвэл Энхсаран сувилалд авсан уу гэдгийг бид тогтоохоор ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.