Улаанбаатар хотод хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний зохиомол хомсдол бий болгож, үнийн хөөрөгдөл үүсгэсэн аж ахуйн нэгжид хатуу арга хэмжээ авна гэдгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
Улсын онцгой комиссын тогтоол гарсантай холбогдуулан бүх аж ахуйн нэгжүүдэд "Зохиомол хомсдол үүсгэхгүй байх, үндэслэлгүйгээр үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх" албан шаардлагыг хүргүүлж, утсаар мэдэгдэж эхэлжээ.
Хүнсний нөөц хангалттай, хүнсний аюулгүй байдлын нөөцийг хангалттай бүрдүүлсэн тул иргэд хөл хориотой холбоотойгоор зохиомол дараалал үүсгэхгүй байхыг УОК-оос зөвлөөд байгаа юм. Хөл хорио тогтоосон хугацаанд хүнсний дэлгүүр, супермаркетууд хэвийн цагийн хуваариар ажиллах юм.
Иргэд үнийн зохиомол хөөрөгдөл бий болсон талаарх мэдээллийг ШӨХТГ-ын фэйсбүүк хуудас болон Хэрэглэгчийн утас 115 дугаарт өгөх боломжтой.
Тухайлбал, "Хүчит шонхор" худалдааны төвд махны үнэ нэмэгдсэн байна. Үхрийн нэг кг мах өчигдөр 7500-8000 төгрөг байсан бол өнөөдөр 10000 төгрөгийн үнэтэй болсон талаар иргэд хэлж байгаа юм. Энэ талаар тун удахгүй манай сурвалжлах баг "Хүчит шонхор" худалдааны төвөөс мэдээлэх болно.
З.Мэндсайхан иргэдийг хүнсний дэлгүүрт зохиомол дараалал үүсгэхгүй байхыг санууллаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан иргэдийг хүнсний дэлгүүрт зохиомол дараалал үүсгэхгүй байхыг санууллаа. Тэрбээр “Нэн түрүүнд хүнсний хангамжийн нөөц хангалттай байгааг хэлье. Хүнсний хангамжийн аюулгүй байдал хариу арга хэмжээг авахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүнсний хангамжийг хангалттай хэмжээнд бүрдүүлсэн.
Манай улсад коронавирусийн анхны тохиолдол Франц иргэнээс бүртгэгдэхэд иргэд хүнсний дэлгүүрт урт дараалал үүсгэх, хүнсээ нөөцлөх асуудал гаргаж байсан. Ийм асуудлыг дахин гаргахгүй байхыг хүсье.
Дэлгүүр, супермаркетууд хэвийн цагийн хуваариар ажиллана. Тиймээс иргэд гурван хоногт зохиомол дараалал үүсгэхгүй байхыг хүсэж байна” хэмээн хэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.