УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хороон дээр өнөөдөр “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Гэвч тус ордыг 2024 оноос нааш эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжгүйг УУХҮ-ийн сайд Г.Ёндон дуулгасан юм.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон:
-Асгатын мөнгөний ордыг 15 хүдрийн бүстэй гэж тооцдог. Дөрвөн лицензэд хуваагддаг. 2247 тонн мөнгөний нөөцтэй. Цаашид 6,8 мянган тонн болж өсөх таамаг ч гаргажээ. 2020-2024 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг тусгасан.
Асгатын мөнгөний орд дээр “Апекс силвер” компани 1995 онд хайгуул хийж тооцоо гаргасан бол дараа нь 1998 онд ОХУ-ын “Сибгипроцветмет” эрдэм шинжилгээний хүрээлэнтэй Монголросцветмет компани хамтарсан судалгаа хийж 77 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцоолж байжээ.
“Эрдэнэс Монгол” компани өнгөрсөн онд лицензийг шилжүүлж авснаасаа хойш “Стил айрон” компаниар тодотгол хийлгэсэн нь 1998 оны тооцооллыг баталгаажуулсан байна.
Одоо УУХҮЯ-аас 2021 онд ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулах, хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийх,
2022 онд дэд бүтцийн бүтээн байгуулалт, нэмэлт хайгуул хийх,
2023 онд баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт,
2024 онд бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ гэж төлөвлөсөн.
Асгатын мөнгөний орд нь дэд бүтэц, автозам, төмөр зам байхгүй. Ордын нөхцөл хүнд буюу 3000 метрээс дээш өндөрт байрладаг гэх мэт бэрхшээлтэй олон асуудалтай.
Хэрхэн ашиглах талаар хэд хэдэн компанитай яриа хэлцэл хийж байна.
Тухайлбал, Австралийн Ворли, ОХУ-ын Росгео гэж компани мөн хайгуул дээр хамтрах санал ирүүлсэн. Ново Ангарский компани мөн хамтран ажилах санал ирүүлсэн. Бичиг солилцоод явж байна.
Хамгийн сүүлд АНУ-ын хөрөнгө оруулагчтай цахим уулзалт хийсэн. Энэ компани Асгатын мөнгөний ордоос авсан дээжээс хольцыг хэрхэн салгаж авах туршилтад оруулсан, амжилттай болсон гэх мэдээлэл өгсөн, гэсэн мэдээллийг байнгын хороонд танилцуулсан юм.
Түүний хэлж буйгаар Асгатын мөнгөний ордыг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь яриа төдий л хэвээр бөгөөд ирэх дөрвөн жилд зөвхөн бэлтгэл ажил л хангах ажээ. Зарим улстөрчдийн хэлээд байдаг шиг өнөө маргаашгүй ашиглаад, үр ашгаа хүртэнэ гэдэг нь холын мөрөөдөл ажээ.
Уг асуудалд УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ.
Тэрээр,
-Асгатын мөнгөний ордыг эргэлтэд оруулах гэхээр салбарын сайд нь “ирэх дөрвөн жилдээ ч бэлтгэлээ хангана, шинэчилсэн ТЭЗҮ боловсруулах ёстой. Ойрын үед ашиглах боломжгүй” гэсэн юм яриад байх юм. “Эрдэнэс Монгол”-ын захирал нь ч мөн итгэл үнэмшил муутай байна. Хэний захиалгаар юу орж ирээд, хэн шахаад байгааг тэгвэл хэл л дээ, Г.Ёндон сайд аа.
Дутуу оруулж ирээд, хэрүүлийн алим болгоод, том төслөө унагах вий гэж би санаа зовж байна.
Бидэнд гашуун сургамж байгаа шүү, Оюутолгой гээд. Сүүлдээ Туркойз хилл, Рио Тинто хоёр хоорондоо шүүхдэлцэж байна. Бид нарын эзэмшиж буй 34 хувь нэг тэрбум долларын зээлтэй болоод байна шүү. 100 сая доллартай тэнцэх зээлийн өр төлж байна шүү.
Ийм гашуун сургамж байсаар байтал Салхитын мөнгөний ордыг зөвхөн ахмадын тэтгэврийн зээлийг төлөхийн тулд ашиглаж байна гэж байна. Дээр нь нэмээд 400 сая төгрөгийн нийгмийн даатгалын өртэй болсон ч гэх шиг.
Гэтэл томоохон төслүүдийг үнэхээр бэлтгэл хангаагүй, болоогүй байхад нь яаран хөдлөх хэрэг байна уу, гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.