АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр сонгуулийн коллегийн 290 саналаар Жо Байден 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож, Камала Харрис дэд Ерөнхийлөгч болох нь өнгөрсөн бямба гарагт тодорхой болсон. Энэ мэдээ дэлхий дахинд хүрсний дараа улс орнуудын төр засгийн тэргүүнүүд баярын мэнд хүргэж байгаа. Гэхдээ зарим улсуудаас шинэ Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгчид баярын мэндчилгээ ирсэнгүй.
Тэдгээр яаран баяр хүргээгүй хүмүүсийн тоонд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин багтаж байна. Дөрвөн жилийн өмнө болсон сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ялалт байгуулахад Ерөнхийлөгч Путин хамгийн түрүүнд баяр хүргэсэн нөлөө бүхий хүмүүсийн нэг байжээ. Гэвч одоог хүртэл Путины ямар нэг жиргээ, аль эсвэл цахим орчин болоод утсаар дуудлага хийж Байденд баяр хүргээгүй хэмээн CNN мэдээлэв. Кремлийн хэвлэлийн албаны төлөөлөгч Дмитрий Песков Трампын кампанит ажлын менежерүүд сонгуулийн дүнг эсэргүүцэн шүүхэд зарга үүсгээд байгаагийн улмаас баярын мэндчилгээ дэвшүүлэхээ түр азнаж байна хэмээн мэдээлжээ. Нөгөө талаар Ардчилсан намын нэр дэвшигч Байден Москваг хурцаар шүүмжлэгч бол Трампыг 2016 онд сонгогдоход Москвагийн нөлөө байсан гэж одоо ч сэрддэг.
Путинаас гадна Словени улсын Ерөнхий сайд Жанез Жанса сонгуулийн дүн гарахаас өмнө одоогийн Ерөнхийлөгч Трампад баяр хүргэн жиргэсэн боловч дүн гарсны дараа Байденд хараахан мэндчилгээ дэвшүүлээгүй байна. Трампын эхнэр тэргүүн хатагтай Меланиа словени эмэгтэй бөгөөд Америк, Словени улсууд стратегийн түншүүд юм. Тиймээс хэн ч Ерөнхийлөгчөөр сонгогдсон хоёр улсын харилцаа нөхөрсөг хэвээр байна гэж Жанса хэлжээ. Харин тус улсын Ерөнхий сайдаас бусад Ерөнхийлөгч Борут Пахор зэрэг нөлөө бүхий улс төрчид хэдийнээ Байден, Харрис нарт баяр хүргэсэн байна.
Түүнчлэн Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болзонарог Трамптай ойрын холбоотой гэж үздэг ба түүнийг халуун орны бүсийн Трамп ч гэж хүмүүс хочилдог. Тиймээс Байденд мэндчилгээ дэвшүүлээгүй улс төрчдийн дунд Болзонаро байгаа нь нэг их гайхаад байх зүйл биш ажээ.
Жозеф Байден, Камала Харрис нарын ялалтыг төдийлөн үнэлж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа дэлхийн удирдагчдын нэг бол Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор юм. Тэр Трамптай найрсаг харилцаатай байхыг эрмэлздэг Латин Америкийн удирдагчдын нэг. Хэдийгээр цагаачлалын хатуу бодлого баримталж, цагаачдаас тусгаарласан хана барьж эхэлсэн ч бүх зүйл хууль ёсны дагуу шийдэгдэх хүртэл Мексикийн төрийн тэргүүн яаран мэндчилгээ дэвшүүлэхгүй гэдгээ өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн юм.
Дараагийн онцлох эрхэм бол Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху. Тэр Трамптай ойр дотно харилцаатай гэдгээ хэзээ ч нууц байгаагүй нэгэн. Ойрхи Дорнодын энхийн хэлэлцээр байгуулахад Трамп чухал хувь нэмрээ оруулж чадсан. 2020 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарсны дараа Нэтаньяху ноён Байденд баяр хүргэсэн ч түүний бичсэн president-elect болон vice-president-elect буюу сонгогдсон Ерөнхийлөгч, сонгогдсон дэд Ерөнхийлөгч гэсэн үгүүд тийм ч дотно байдлыг илтгээгүй гэж ажиглагчид тааварлаж байна. Гэхдээ тэр эрхэм Байдентай 40 орчим жил анд нөхрийн харилцаатай байснаа онцолсон юм.
Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман Жо Байденд баяр хүргэсэн боловч ялалтын мэдээ олон нийтэд хүрснээс хойш 24 цагийн дараа мэндчилгээ дэвшүүлжээ. Харин Ойрхи Дорнодын бусад удирдагчид мэдээлэл гарсан даруйд буюу бямба гарагт баяр хүргэсэн байна.
2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Дональд Трампыг ялалт байгуулсны дараах өдөр Хятадын дарга Си Зиньпин албан ёсоор баяр хүргэж байжээ. Харин энэ удаад Хятад сонгуулийн үр дүнг илүү нухацтай ажиглахаар шийдсэн бололтой. Даваа гарагт Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Венбин Байдены ялалтыг тэмдэглэсэн боловч хуулийн шатны байгууллагын шийдвэрийг хүлээнэ гэжээ. Трампын үед Америк-Хятадын харилцаа хурцдаж, худалдааны дайн эхэлсэн бол Байдены үед харилцаа өөрчлөгдөж болох юм.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Америкийн 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампыг ялалт байгуулсны дараа ямар нэг хариу үйлдэл үзүүлж байгаагүйтэй ижил энэ удаад ч мөн төрийн мэдлийн суваг Америкийн сонгуулийн тухай ямар нэг мэдээлэл хийсэнгүй. Трамп, Ун нар анх удаа нүүр тулан уулзаж дээд хэмжээний уулзалт хийсэн бол Байден Умардын удирдагчийг дээрэмчин хэмээн дипломат ажиллагааг нь шүүмжилсээр ирсэн. Ким Жон Ун ч мөн ноён Байденыг IQ муутай мулгуу хэмээн дуудсан байдаг.
Дээр дурдсан удирдагчид Байдены ялалтад яаран мэндчилгээ дэвшүүлэхийг эрмэлзээгүй бол эсрэгээрээ халуун баяр хүргэсэн удирдагчид ч бий. Тэдний дунд Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Ирландын Ерөнхий сайд Мишель Мартин, Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон зэрэг багтжээ.
Эх сурвалж: CNN, BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Манайх яасан бол