2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос улсын хэмжээнд хот, хөдөөгийн бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгож эхэлсэн. Түүнчлэн 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа билээ.
Хөнгөлөлттэй эм олголтын асуудлаар иргэд даатгуулагчид, эрүүл мэндийн байгууллагуудын эмч ажилтнуудаас 1800-1363 лавлах утсаар болон фэйсбүүк хуудсаар ирсэн асуултуудад ЭМДЕГ-ын ХШГ-ын дарга И.Энхбат, ТҮЧГ-ын дарга Х.Сувд-Эрдэнэ нар хариулт өгсөн юм.
Эхний ээлжид заавалчгүй эмчийн үзлэг хийлгэсний дараа эм бичиж байгаа. Арваннэгдүгээр сарын 2-ноос хөнгөлөлттэй эм бичиж эхлэх үеэр иргэдэд хүндрэл чирэгдэл үүссэн асуудал гарсан. Тэгвэл энэ сарын 3-наас өрхийн эмнэлэгт хөнгөлөлттэй бүх эмийг бичүүлэх боломжтой болсон гэнэ. Иргэдийн хувьд урьд нь хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан эмүүд энэ удаагийн жагсаалтад байхгүй байна гэх асуултад дараах хариулт өгсөн юм.
Тухайлбал, долоон төрлийн уналт таталтын эм хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан байгаа. Иргэдийн хувьд дасал болсон эмээ хэрэглэх гээд жагсаалтад байхгүй байна гээд байгаа. Нэг эмийг хэт удаан хэрэглэх нь дасал болохоос гадна эмчилгээнд нөлөөлөх нь багасдаг. Иймээс орчин үеийн эмчилгээ сайн эмүүдийг энэ удаагийн хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтаасан.
Иргэдийн хувьд бүх төрлийн эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтаах хүсэлтэй байгаа ч ийм боломж байхгүй гэдгийг дахин хэлмээр байна гэсэн юм. Нэн шаардлагатай, иргэдийн дийлэнх хэрэглэдэг эмийг хөнгөлөх боломжтой. Энэ ч үүднээс иргэдийг хурууны хээгээ заавал уншуулахыг зөвлөж байгаа. Цаашлаад манай улсын иргэд ямар төрлийн өвчний оношоор эм бичүүлж авч байна. Монгол Улсын иргэдийн эмийн хэрэглээг ямар байгааг тогтоох зэрэг ач холбогдолтой.
Олон улсын эмнэлзүйн удирдамжид нийлмэл найрлагатай эмийг олгоно гэж заасан байгаа. Энэ үүднээс нийлмэл найрлагатай эмийг ширхгээр олгож байгаа бол дан найрлагатай эмийг тунгаар нь бичиж олгож байгаа ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.