Төв Америкт ихээхэн хохирол учруулаад буй "Эта" хар шуурга өнгөрсөн долоо хоногт Гватемал улсыг дайрч өнгөрөн, уулын алслагдсан тосгонуудыг газартай нь тэгшилжээ.
Хар шуурга Гватемалын төв хэсгийн Куежа тосгоны уулын зарим хэсгийг нурааж, олон арван хүнийг байшингийнх нь хамт газарт булсан байна. Мөн хүчтэй аадар борооны улмаас хөрсний гулсалт үргэлжилсээр байгаа аж.
Куежагийн оршин суугч Глориа Как гэр бүлээсээ ганцаараа амьд үлдсэн байна. Тосгоны дээрээс уул нурж унасны дараа түний гэр бүлийн 22 гишүүн хөрсөнд дарагдан, сураггүй алга болсон гэнэ. Тэрээр "Миний гэр бүл тэр чигээрээ байхгүй болсон, би л ганцаараа амьд үлдлээ. Миний аав, ээж, ах эгч, дүү нар, авга эгч, авга ах, эмээ, өвөө гээд бүгд алга болсон. Гэр бүлийн 22 гишүүн маань, тэднээс би л амьд байна" хэмээн ярьжээ.
Хөрсний гулсалтын улмаас аврагчид уг алслагдсан тосгонд хүрэхэд хүндрэлтэй байгаа юм. Өнгөрөгч бямба гарагт 55 цэрэг, 25 гал сөнөөгч болон 15 цагдаагийн алба хаагч гамшиг болсон газарт хүрээд байсан бөгөөд амьд үлдэгсдийг эрж хайх, цогцос гаргаж авах ажлыг эрчимтэй явуулж байгаа аж.
"Шавар маш зузаан байгаа ба хэр зэрэг зузаан болохыг нь тогтооход хэцүү байна. Байшингууд эхнээсээ гарж ирэх хүртэл бид ухсаар байх болно. Тэндээс мөн цогцсууд гарж ирэх байх. Бүх байшинг малтаж гаргахын тулд хэдэн сар шаардагдаж магадгүй" гэж Армийн хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Рубен Теллез мэдэгдсэн байна.
Гватемалын Гамшгаас аврах агентлаг тус улсад "Эта" хар шуурганы улмаас 103 хүн сураггүй алга болж, 21 хүн нас барсан болохыг баталсан юм.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.