Иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглаан гарсан улс орнуудын нэг нь Гүрж юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл Тбилиси хотод иргэдийн эсэргүүцлийн жагсаал болж, цагдаа нар тэдний эсрэг даралтат усаар шүршиж тараахыг оролджээ.
Тус улсад өнгөрсөн долоо хоногт Парламентын сонгуулийн санал хураалт болж дүн гарсан. Гэвч сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй иргэд Сонгуулийн төв хорооны гадаа цуглаж, дахин санал хураалт явуулахыг шаарджээ. Сөрөг хүчнийхэн эрх баригч нам иргэдийн саналыг луйвардсан хэмээн буруутгаж байна.
Эрх баригч Гүржийн мөрөөдөл нам уг буруутгал шүүмжлэлийг үгүйсгэж байгаа юм. Сонгуулийг ажигласан олон улсын ажиглагдын зүгээс сонгуулийн явцыг эрх чөлөөний суурь үндсийг зөрчөөгүй гэж мэдэгдсэн боловч үйл явцын харагдах байдлыг шүүмжилсэн.
Гүржийн мөрөөдөл намыг тэрбумтан Бидзина Иванишвили 2012 онд Засгийн газрыг тэргүүлэхдээ үүсгэн байгуулж байсан. Тус нам аравдугаар сарын 31-ний өдөр болсон сонгуулиар нийт саналын 48 хувийг авчээ. Ингэснээр тус нам бусад намуудаас хамгийн өндөр санал авч, ялалт байгуулан дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх эрхтэй болж байна.
Энэ нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, сөрөг хүчнийг дэмжигч жагсагчид цагдаагийн дарга болон сонгуулийн хороог бүрэн огцрохыг шаарджээ. Сонгуульд оролцож ялагдал хүлээсэн улс төрийн найман нам санал хураалтын дүнг бойкотлон, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Ням гарагт болсон эсэргүүцлийн жагсаалын дараагаас улсын томоохон хотуудад коронавирусийн эсрэг хөл хорионы дэглэм шөнийн цагаар хэрэгжиж эхэллээ. Тус улс 3,7 сая хүн амтай бөгөөд цар тахлын 57,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 500 орчим иргэн нас бараад байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.