Тайланд улсад шинэчлэлийг шаардсан иргэдийн жагсаал өнгөрсөн зунаас хойш үргэлжилж байна. Өнгөрсөн ням гарагт нийслэл Бангкок хотод 10,000 гаруй иргэн жагссан ба цагдаа нар жагсагчид руу даралтат усаар шүршсэн тухай эх сурвалжууд мэдээлэв.
Жагсагчид Тайландын хаан Маха Важиралонгкорнд захидал хүргэхээр хааны ордныг чиглэн алхсан байна. Тэд ерөнхий сайд Прают Чан Очаг огцрохыг шаардаж байгаа юм. Чан Оча 2014 онд засгийн эрхийг гартаа авсан цэргийн генерал хүн. Жагсагчид Ерөнхий сайдыг огцрохыг шаардахаас гадна Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийг шүүмжлэгчдийг хүндээр яллан шийтгэдэг тогтолцоог эсэргүүцэн, өөрчлөхийг шаардсаар байна.
Түүнчлэн Тайланд улсад хааны удмын нэр хүндэд халдах нь онц хүнд гэмт хэрэгт тооцогдож, 15 хүртэл жилийн хорих ял сонсдог. Энэ бүгдийг шинэчлэхийг шаардсан жагсагчид өөрсдийн хүсэлт шаардлагыг гараар бичиж эзэн хаанд хүргэхийг хүсчээ.
Гэвч хэв журам сахиулах цагдаа нар тэднийг тараахын тулд даралтат усаар шүршжээ. Цагдаа нар нийслэл хотын Ардчиллын хөшөөнөөс эзэн хааны ордон хүртэл харуул хамгаалалт гаргасан. Гэхдээ цагдаагийн албаны төлөөлөгчид жагсагчид руу ус шүршээгүй, харин агаарт цацсан тул хэнийг ч бэртээж гэмтээгээгүй хэмээн мэдэгджээ.
Ихэвчлэн оюутан залуусын оролцож байгаа, олон сар үргэлжилсэн уг жагсаалын цаана эзэн хааны дэглэмийг унагах зорилго байж ч мэднэ гэж зарим эх сурвалж сэрдэж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.