ХБНГУ-ын Засгийн газраас коронавирусийн тархалтыг удаашруулахын тулд тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн 20 мянга гаруй хүн Лайпциг хотод жагсжээ.
Жагсаалд оролцсон иргэдийн цөөхөн хэд нь л амны хаалт зүүн, бие биесээ зай барьж байсан гэнэ. Хэдий цагдаа нар чанга яригчаар анхааруулан, албаныхан хүмүүсийн дундуур алхан, сэрэмжлүүлэг өгч байсан ч олигтой амжилт олоогүй байна. Нэг эмэгтэй амны хаалтаар нүдээ халхалсан хэдий ч хамар, амаа ил гаргаад, "Үнэн, шударга ёс, эрх чөлөөний төлөө" гэсэн бичиг барин жагсжээ.
Жагсагчид ийнхүү амны хаалтын дэг журмыг сахиагүй учир хотын захиргаанаас уг үйл ажиллагааг зогсоох тушаал гаргасан боловч олон эсэргүүцэгчид явахаас татгалзсан байна. Харин цагдаагийн албанаас жагсагчдын бичлэгийг хийн, зөрчил гаргасан этгээдүүдийг баримтжуулж байгаагаа мэдэгдсэн аж.
Тус улсад өнгөрсөн долоо хоногоос хэрэгжиж эхэлсэн дөрвөн долоо хоногийн хэсэгчилсэн хөл хорионы хүрээнд баар, ресторан, амралт, зугаалгын төв, спортын байгууламжуудыг хааж, иргэдийг нэг дор цугларахад шинэ хязгаарлалт тогтоосон юм. Харин дэлгүүр, сургуулиуд нээлттэй хэвээр үлджээ.
Одоогоор Германд коронавирусийн нийт 668 мянга гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 11 мянга гаруй хүн нас бараад байна.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.