Эмнэлгийн тусламж, үйлчилгээг орон нутагт сайжруулах, Ковид-19 цар тахлын үед эмч, мэргэжилтнүүдийг халдвар хамгаалал, ажиллах орчинг сайжруулах, Алтанбулаг боомтод үүсээд буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон холбогдох албаныхан Сэлэнгэ аймагт ажиллалаа.
Хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад хамгийн өндөр зэрэглэлийн гэгддэг явуулын гуравдугаар зэрэглэлийн лабораторийг илгээсэн. Тус явуулын лаборатори нь камаз авто машинд суурилагдсан, иж бүрэн тоноглогдсон бөгөөд өнөөдөр ЗӨСҮТ-д хүлээлгэн өглөө. Тус явуулын лаборатори нь Алтанбулагийн боомтод байршиж ажиллана.
Ингэснээр алслагдсан хил залгаа боомтуудад тандалтын судалгаа, шинжилгээ хийх боломж бүрдэж байгаа юм. Одоо дэлхий нийтэд цар тахлын хоёр дахь давлагаа эрчимтэй тархаж, улмаар манай хөрш ОХУ-ын Хиагт, Наушки зэрэг суурингуудад батлагдсан тохиолдол нэмэгдэж байгаа нь ийнхүү нөхцөл байдлыг өөрчлөхөд хүргээд байна.
Сүүлийн 10 хоногт 9 ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрлээ. Одоо бид халдварын бүсэд ажиллаж буй мэргэжилтнүүддээ, хилтэй ойрхон оршиж буй 5000 гаруй суурин айлуудад анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах шаардлагатай байна. Тиймээс хамгаалалтын хувцас, хэрэгслийг илүү сайжруулах, хүйтний улиралд зузаан хувцасныхаа гадуур өмсөхөд хялбар болгох, сорьцын шинжилгээг Сэлэнгэ аймагтаа шуурхай хийж, цаг алдалгүй гаргах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тус аймагт ажиллаж байна” хэмээн танилцууллаа.
Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар Алтанбулагийн боомтыг түр хугацаанд хаах саналыг УОК-д хүргүүлж, улмаар зайлшгүй шаардлагатай ачаа тээврийг төмөр замаар дамжуулан авах зохион байгуулалтын саналаа аймгийн онцгой комиссоос УОК-д хүргүүлэхээр болов. УОК-ын шийдвэрийг ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.