АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт болсон ч өнөөдрийг хүртэл саналын хуудсыг бүрэн тоолж дуусаагүй байна. Гэхдээ саналын савлагаатай шийдвэрлэх Мичиган, Пенсильвани, Аризона, Висконсин, Жеоржиа мужуудын саналын хуудсыг 98-99 хувьтай тоолсны дараа Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден илт тэргүүлэх нь тодорхой болсон. Харин саналын хуудсаа тоолж дуусаагүй Умард Кэролина, Аляск мужуудад Ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүлж байна.
Тиймээс Жо Байден сонгуулийн коллегийн 270 санал авах ёстойгоос 290-ийг аль хэдий нь цуглуулсан гэж томоохон хэвлэлүүд мэдээлснээр АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч болох нь гарцаагүй болж, ялалтаа тэмдэглэж байна. Дэлхийн улс орнуудын удирдагчид түүнд баяр хүргэж эхэлсэн бөгөөд Мексик, Орос, Хятад улсуудын төрийн тэргүүнүүд хараахан баяр хүргээгүй байгаа.
Тэгвэл Жо Байдены баг шинэ Ерөнхийлөгчийн хамгийн түрүүнд шийдвэрлэх алхам, өөрчлөлтүүд юу байх вэ гэдгийг танилцуулсан бол Ерөнхийлөгч Трамп энэ удаагийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн ба удахгүй Цагаан ордноос мэдэгдэл хийхээр бэлдэж байна.
78 насандаа буюу АНУ-ын бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн ахмад төрийн тэргүүн болж буй Жо Байден хамгийн түрүүнд коронавируст цар тахалтай тэмцэх болно гэдгийг түүний багийнхан мэдэгджээ. Коронавирусийн халдварын тохиолдол АНУ-д 10 сая давсан ба дэлхий даяар 50 сая гарсан. Мөн уг цар тахлын улмаас 250,000 орчим иргэн АНУ-ын нутаг дэвсгэрт амиа алдаад байна.
Жо Байден юун түрүүнд коронавируст цар тахалтай тэмцэх эрдэмтэн судлаачдын багийг шинээр бүрдүүлэхээр төлөвлөжээ. Анхны алхам нь америкчуудыг бүх нийтээр коронавирусийн оношлогоо, шинжилгээнд хамруулах болон амны хаалт зүүх дүрмийг мөрдүүлэх юм. Түүнчлэн эдийн засаг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, цаг уурын өөрчлөлт зэрэг дээр анхаарлаа хандуулж, Трампын Ерөнхийлөгч байх хугацаандаа гаргасан цагаачлал, олон улсын гэрээ хэлэлцээрийн асуудалд хандсан шийдвэрүүдийг эргүүлэн татах ажээ.
Энэ удаагийн сонгуульд Жо Байден ялснаар дэд Ерөнхийлөгчөөр Камала Харрис сонгогдож байна. Тэрээр АНУ-ын түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй төдийгүй өнгөт арьстай, Энэтхэг гаралтай дэд Ерөнхийлөгч болж байна. Энэ удаагийн сонгууль хамгийн өндөр ирцтэй, хамгийн олон хүн нэрээ дэвшүүлсэн, нэр дэвшигчид хамгийн олон иргэний санал авсан зэрэг олон талын онцлогтой болж өнгөрөв.
Түүнчлэн дээд доод танхимын гишүүдийг сонгох ба одоогоор Сенатын танхимд хоёр намын тус бүр 48 гишүүн сонгогдож ижил тэнцүү байгаа бол Төлөөлөгчдийн танхимд 215 суудалтайгаар Ардчилсан нам тэргүүлж, Бүгд найрамдах нам 196 суудалтай явж байна.
Эх сурвалж: The Guardian, BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.