СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мэдлэг бол миний бие хамгаалагч

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
4 жилийн өмнө

"Мэдлэг бол миний бие хамгаалагч" уриан дор нэгдэн ЕБС-ийн сурагч дүү нар маань өөрсдийн хүсэлтээрээ сургагч багш болж байна.

“Лантуун дохио” ТББ гэхээр хүн бүр мэднэ. Тэгэхээр энэ талаар нурших илүүц биз. Харин “Лантуун дохио” ТББ-ын сургагч багш нарыг энэ удаа онцлох гэсэн юм.

. Үүний тулд хүүхэд багачуудад өөрөөр хэлбэл ирээдүйн иргэдэд мэдлэг мэдээлэл хүргэх ажил шаардлагатай байгааг хэн ч үгүйсгэхгүй. Тэгвэл энэ чиглэлээр өнөөх л “Лантуун дохио” маань дуугарч эхэлсний нэг том, үндсэн хэсэг нь “Сургагч багш” нар юм.

Сургагч багш Д.Нандин-Эрдэнэ

Анх өөрийгөө хөгжүүлэхийг зорьсон. Бусдын өмнө гараад сандралгүйгээр өөрийгөө илэрхийлж сурах зорилготой байсан. Тэгээд бас өөрийнхөө мэдэж байгаа зүйлийг бусадтай хуваалцахыг хүссэн учир сургагч багш болохоор шийдэж байсан.

Анх бага ангийн сурагчдад хичээл ороход туршлагагүй байсан учраас их сандарч, алдаа гаргадаг байсан. Маш их ойлгож авсан зүйл гэвэл багшид маань ямар хэцүү байдгыг мэдэрсэн. Багшийнхаа өөдөөс ийм үйлдэл гаргах, ингэж харьцах буруу байдаг юм байна гэдгийг биеэр мэдэрсэн.

Миний хувьд тоо баримтууд үнэхээр хүнд тусаж байсан.

Анх хүний наймааны эсрэг сургалтад суухдаа Монголд төдийлөн байдаггүй байх гэж боддог байсан.

Гэтэл 2017 онд 44 хүний 23 нь хүүхэд гээд аймар тоо байсан. Тэгээд энэ бол дэргэд л байгаа сэдэв юм байна шүү дээ гэдгийг ойлгосон. Чи өөрөө өөрийгөө л хамгаалж чадна гэдгийг шавь дүү нартаа ойлгуулахыг хүссэн.

Үе тэнгийнхэндээ, дүү нартаа хандаж уриалахад сошиал ертөнцөд танихгүй хүнийг unfriend хийгээрэй.  Өөрийн мэдээллээ хэт нээлттэй байлгахаас татгалзаад хэн нэгэн танихгүй хүн чиний тухай мэдээлэл цуглуулж чадахгүй байхад анхаарч байгаарай.

Сургагч багш М.Ундаръяа 

Анх сургагч багш болох гэж байгаа тухай мэдээлэл аваад өөрийгөө хөгжүүлэх гэж нэгдсэн. Ангиудаар явж хичээл заана гэхэд их сандарч байсан ч хичээл ороод явахад сандрал арилаад илүү дуртай болсон. Би өөрөө эмч болоод эмчилгээгүй гэгддэг өвчинг эмчилэхийг хүсдэг. Тиймээс бусдад тусалж байхыг зорьж байгаа.

Хамгийн хэцүү нь хичээлтэй холбоогүй асуулт асуудаг. Хаана сурдаг вэ? Фейсбүүк нь юу вэ гэдэг ч юм уу? хэцүү гэнэтийн асуулт жаахан хүүхдүүдээс их ирж байсан.

Намайг Монголд гарч байсан гэмт хэргүүдтэй холбоотой мэдээлэл, тоо баримтууд их эмзэглүүлсэн. .

Хүн болгон таксинд суудаг шүү дээ. Тийм болохоор үе тэнгийнхэн, дүү нартаа хандаж зөвлөхөд хэрвээ суусан такси чинь аюултай санагдвал таксины жолоочын ард суугаад цонхоо хагас нээлттэй, хаалганы бариул, түгжээг ажиж нээхэд бэлэн байгаарай. Тусламж дуудаж орилж, хаалгаа нээгээд шууд буух хэрэгтэй шүү.

Сургагч багш н.Мөнхцэцэг

Миний дүү нар том болоход нийгэмд байгаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт байсаар байвал яанаа гэж бодоод “Лантуун дохио”-д элссэн. Намайг элссэний дараа сургагч багш хөтөлбөр явж эхэлсэн л дээ. Би өөрөө анагаахын оюутан учраас хичээлийнхээ хажуугаар багшилсан. 300 гаран хүүхдэд хичээл орж чадсан байна.

Миний хувьд алга болсон хүүхдүүд сэтгэлийг маань эмзэглүүлсэн. . Тэр мэдээлэл миний хувьд цочирол байсан. Ийм их хүүхэд алга болдог гэж би бодож байгаагүй.

Миний зүгээс эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ маш сайн ярилцаж байгаарай гэж зөвлөмөөр байна. Хаана хэнтэй байгааг, ямар найзуудтайг, яаж байгааг нь мэдэж, ярилцаж, зөвлөлдөж байгаарай.

Хэрвээ эцэг эхчүүд нь хүүхэдтэйгээ ойлголцож чадаж байвал ийм их хүүхэд алга болохгүй байх гэж бодож байна.

Сургагч багш Э.Лхагвасүрэн

Өнгөрсөн жил анх энэ хөтөлбөрт хамрагдсан л даа. Миний эргэн тойронд ийм асуудалтай маш их найзууд маань байсан. Өөрийгөө бас найзуудыгаа учирч болох эрсдэлээс хамгаалахын тулд сургагч багш болохоор шийдсэн. Өөрийнхөө хэмжээнд найзууддаа тусалж, зөвлөмж өгч чадсан байх гэж бодож байна.

Миний хувьд хамгийн хүнд сэдэв цахим гэмт хэрэг байсан л даа. . Ямар нэг байдлаар хакердуулсан, нууцлалаа алдсан эсвэл өөрөө хэн нэгний эрхэнд халдсан үйлдэл хийж байсан байгаа байхгүй юу. Энэ үнэхээр харамсмаар байсан л даа.

Бүх зүйлд цензур гэж байх ёстой. Тиймээс бусдын цахим орчинд коммент, сэтгэгдэл бичихдээ хэн нэгний эрхэнд халдаж байна уу гэдгээ сайн бодож байгаарай.

Сургагч багш С.Есүй

Би хүүхдүүдэд тохиолдсон муу мэдээ бүрийг сонсох бүртээ эмзэглэдэг байсан. Гэртээ зүгээр суугаад кино үзээд байхад амьдрал маань утгагүй санагддаг байсан. Тэгээд анх “Лантуун дохио” гэдгийг судлаад энэ л миний явах, очих, хүчээ өгөх хэсэг мөн байна гэж бодсон. Би хүний төлөө төрсөн л байх гэж боддог. Ирээдүйд би сэтгэл зүйч болно. Хүүхдийн бас гэр бүлийн сэтгэл зүйч болохыг хүсдэг.

Миний сэтгэлийг хамгийн их эмзэглүүлсэн зүйл бол сургууль байсан. Би ихэвчлэн хотын захын сургуулиудад хичээл заахыг хүсдэг. Гэтэл нэг сургууль дээр очиход хүүхдүүд нь багшаасаа айдаг, айдастай байсан. Бидний нүдэн дээр тэр багш нэг минут хоцорч орж ирсэн эмэгтэй хүүхдийг зодож байсан.

Хичээл дээр хүүхэд хуруугаа хавчиж байхад зүгээр хичээлээ хий гэж шаардаж байсан. Хүүхэд хүчирхийлэл харж өсөхдөө хүчирхийлэгч болдог. Тэр багш хүчирхийлэгч л байсан. Тэр багшийн өсгөсөн хүүхэд ирээдүйн миний хүүхэдтэй нэг дор байна. Нэг дор сурна. Магадгүй найз, гэр бүл ч болж магадгүй. Тиймээс л энэ бүхнийг засахыг хүссэн.

Сургагч багш Б.Хаянгирваа

Би цахим гэмт хэрэгтэй холбоотой сургалтад сууж үзээд өөрийгөө ямарч мэдээлэлгүй байсан гэдгийг ойлгосон. Тэгээд энэ талаар бусдад мэдүүлэхийг хүссэн. Би өөрөө ч өмнөх фейсбүүк хаягаа хакердуулж алдсан. Яаж алдсанаа мэддэггүй. Тэгэхээр эхлээд танихгүй хүнтэй найз болохгүй байх, илгээсэн линк дээр дарахгүй байхыг анхаарах хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгосон.

Хөгжилтэй гэвэл бага ангийн хүүхдүүд хичээлийн сэдэв дээр анхаарахгүй тоглох гэх мэт зүйл байдаг. Бас намайг ЛАНТУУ гээд тогтоочихсон байсан.

Ийнхүү нэг өдрийг Лантуун дохио ТББ-ын сургагч багш нарын аялал амжилт бүтээлээс хуваалцаж өнгөрөөлөө. Сургагч багш нарын өгсөн зөвлөгөө мэдээллийг сайн анзаараарай. Дүү нартаа, гэр бүлдээ, үр хүүхэддээ бид зааж сургаж илүү гэрэлт ирээдүйг бий болгож чадна шүү. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.