Сэлэнгэ аймагт Улсын Онцгой комиссын зарим гишүүд холбогдох албаныхантай өнөөдөр 10 цагт хуралдаж, Алтанбулагийн боомтыг хаах эсэхийг хэлэлцэх гэж байна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 155 тохиолдол илэрсэн бөгөөд үүний 118 тохиолдол нь эх орондоо ирж байгаа иргэд, 37 тохиолдол нь ачаа тээврийн жолооч байгаа аж.
Эдгээр тохиолдол нь Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдлын 43,6 хувийг эзэлж байгаагийн зэрэгцээ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор Монгол Улсад нэвтэрч байгаа ачаа тээврийн жолооч нарын шинжилгээгээр сүүлийн 15 хоногт 14, зургаа хоногт зургаан тохиолдол батлагдаад байгаа тул тус боомтыг түр хугацаанд хааж магадгүй болжээ.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтыг хаах эсэх асуудлыг шийдэхээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, ЭМЯ-ны газрын дарга Н.Гэрэлт-Од, газрын дарга Д.Нарантуяа болон бусад албаныхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.