Салан тусгаарлагчид болон Засгийн газрын цэргүүдийн дунд мөргөлдөөн үүсээд буй Камерун улсын баруун хэсэгт барьцаалагдаад байсан 11 багшийг суллажээ.
Тус улсын Кумбо хотын хоёр сургуульд өнгөрсөн мягмар гарагт үл мэдэгдэх хүмүүс халдан, багш нарыг барьцаалсан байна. Үүнээс 10 хоногийн өмнө зэвсэгт этгээдүүд өөр нэгэн хотын сургууль руу дайрч, долоон хүүхдийг хөнөөсөн юм. Одоогоор энэ хоёр халдлагад хэн хариуцлагатай нь тодорхойгүй байна.
Барьцаалагдаад байсан багш нарыг сулласан гэж холбогдох хоёр сургуулийг ажиллуулдаг сүмийн төлөөлөгч Самуэль Фонки хэлсэн хэдий ч өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй гэнэ.
Үүнтэй ижил төрлийн халдлага тус улсын англи хэлээр ярьдаг зарим бүс нутагт ихээр гарах болжээ. Франц хэл голчилдог Камеруны засаглалаас салан тусгаарлахыг хүссэн англофон босогчид болон Засгийн газрын хоорондох мөргөлдөөний улмаас 2017 оноос хойш 3,000 гаруй хүн амиа алдсан байна.
Эдгээр салан тусгаарлагчид тэдний шаардлагыг биелүүлээгүй сургуулиудыг онилон, халдлага үйлдэх нь элбэг байдаг аж.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.