Европын олон орны эрүүл мэндийн тогтолцоо коронавирусийн цар тахлын улмаас ачааллаа дийлэхгүй болоод байгаа энэ үед Грек улсын эрх баригчид мөн адил нөхцөл байдалд орохоосоо өмнө улс даяараа хөл хорио тогтоох болжээ.
Грек улсад олон жилийн турш үргэлжилсэн санхүүгийн хямрал эрүүл мэндийн системд нь ихээхэн хохирол учруулсан тул Европын бусад улсуудын адил хорио цээрийн дэглэм тогтоох хүртлээ удаан хүлээх чадваргүй гэж тус улсын Ерөнхий сайд Кириакос Мицотакис мэдэгдсэн байна. Тиймээс тэрээр Грек улс дахь халдварын хэмжээ хөрш орнуудад ажиглагдаж байгаа хэмжээнд хүрэхээс өмнө хөл хорио тогтоож байгаа гэдгээ тэмдэглэн, "Бид энэ халдварын давлагааг зогсоох ёстой. Би энэхүү эрс арга хэмжээг оройтсоноос эрт авах нь зүйтэй гэж шийдсэн" хэмээжээ.
Хөл хориог бямба гарагаас мөрдөж эхлэх бөгөөд энэ сарын эцэс хүртэл үргэлжлэх аж. Иргэд зөвхөн ажилдаа явах, биеийн тамирын дасгал хийх болон эрүүл мэндийн шалтгаанаар гэрээсээ гарах боломжтой байна. Мөн энэ талаараа эрх баригчдад мессеж илгээн, зөвшөөрөл авах шаардлагатай гэнэ.
Супермаркет болон бусад хүнсний дэлгүүрүүд нээлттэй хэвээр үлдэх бол бусад дэлгүүрүүд хаагдах юм. Харин ресторан, зоогийн газрууд зөвхөн хүргэлтээр үйлчлэх аж. Түүнчлэн ажлаас нь түр хугацаагаар түдгэлзүүлсэн ажилчдад 800 евро буюу 950 ам.долларын тэтгэмж олгохоор болжээ.
Дэлхий даяар коронавирусийн цар тахал дэгдэхээс өмнө Грекийн нэг хүнд ногдох эрчимт эмчилгээний орны тоо нь Европын хамгийн бага үзүүлэлттэй байсан аж. Үүнээс хойш энэ тоо хоёр дахин нэмэгдэж, 1,013 болжээ.
11 сая хүн амтай тус улсад өнгөрөгч лхагва гарагт халдварын 2,646 шинэ тохиолдол бүртгэгдэж, 18 хүн нас барснаар коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 47 мянга орчим болж, нас баралт 673-т хүрсэн байна.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.