Төв Америкийн Бүгд Найрамдах Хондурас Улсыг Эта далайн хар шуурга дайрч өнгөрснөөр дор хаяж таван хүн амиа алдаж, олон арван загасчид Атлантын далайд гацаад байна. Мөн тус улс одоо ч үер ус болон хөрсний гулсалтын гамшигт нэрвэгдэж байгаа аж.
Эта нь Төв Америкт сүүлийн хэдэн жилд тохиогоогүй их хүчтэй хар шуурга болсон бөгөөд Хондурасаар дайрч өнгөрөхөөсөө өмнө Никарагуа улсад дөрөвдүгээр ангиллын хар шуурга болж буужээ. Тус хар шуурга одоо халуун орны шуурга болж хувирсан бөгөөд цаашид эрчээ аван, ирэх амралтын өдрүүдэд Куба болон Флоридагийн өмнөд хэсэгт хүрнэ гэж АНУ-ын Хар салхины үндэсний төв тооцоолж байна.
Хондурас улсад онцгой байдал тогтоож, албаныхан нүүлгэн шилжүүлэх тушаал өгсөн аж. Шуурганы улмаас барилга байшин, зам, гүүр эвдэрч, олон мянган хүн хоргодох газар руу дүрвэхээс өөр аргагүй болжээ. Салхины хурд нь хамгийн ихдээ 55 км/цаг-т хүрсэн байна.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.