АНУ-ын энэ удаагийн сонгууль коронавируст цар тахалтай холбоотойгоор урьдчилсан санал хураалтад 100 сая орчим иргэн оролцсоноос гадна 120 жилийн түүхэнд хамгийн өндөр ирцтэй буюу санал өгөх насны иргэдийн 66 хувь нь оролцсон зэрэг хэд хэдэн талаараа онцлог болж байна. Жо Байден урьд өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй ямар ч өрсөлдөгч авч байгаагүй олон иргэний санал буюу 72 сая иргэний санал аваад байгаа бол Трамп өмнөх удаагийн сонгуульд авч байсан саналаасаа дөрвөн сая илүү буюу 68 сая гаруй иргэний санал аваад байна.
Түүнчлэн санал хураалтын дүн одоог хүртэл бүрэн гараагүй байгаа юм. Энэ хооронд хоёр дахь удаагаа улиран сонгогдохоор нэр дэвшиж буй Ерөнхийлөгч Дональд Трамп зарим мужид гарсан санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаан дээр үлдсэн мужид явагдаж буй санал тоолох явцыг зогсоохыг шаардаж шүүхэд гомдол гаргаад байна. Түүний сонгуулийн кампанит ажлын багийнхан зарим маргаантай мужийн саналыг дахин тоолох, урьдчилсан санал хураалтыг шударга бус гэж үзсэн бөгөөд энэ долоо хоногийн эцэс гэхэд жинхэнэ ялагчаар Трамп тодорно гэсэн итгэлтэй байна.
Тухайлбал Висконсин мужид саналын тоогоор Трамп тэргүүлж байсан ч эцсийн дүнд Байден ялалт байгуулсан тул тус мужид санал хуудсыг дахин тоолох хүсэлтийг албан ёсоор илэрхийлсэн. Мөн Мичиган мужид санал тоолох явцыг зогсоохыг шаардсан.
Энэ хооронд хэд хэдэн хотод иргэд сонгуулийн дүнг хүлээж жагсаал цуглаан зохион байгуулж эхэллээ. Аризона мужийн нийслэл Феникс, Орегон мужийн хамгийн том хот Портлэнд, Мичиган мужийн Детройт, Техасын Даллас зэрэг хотуудад Трампыг дэмжигчид саналыг тоолохоо зогсоохыг шаардан жагсаал хийж байна. Тэдний зарим нь цар тахлын эсрэг хөл хориог эсэргүүцжээ. Үүнтэй зэрэгцэн ардчиллыг дэмжигчид санал нэг бүрийг тоолохыг уриалан сонгуулийн дүнтэй маргах зүйлгүй хэмээн Нью-Йорк, Чикаго зэрэг хотуудад жагсаж байна. Иргэдийн жагсаалаас үүдэж зэвсэглэсэн холбооны офицеруудыг хаалттай санал тоолох байруудыг хамгаалуулахаар илгээх шийдвэрийг дээд шүүх гаргасан тухай зарим хэвлэл мэдээлж байна. Миннеаполис хотод 500 гаруй иргэн жагсаж байгаа бол Портландад санал тоолж буй байрууд руу халдаж цонхыг нь хагалах оролдлого гарсан тул баривчлан саатуулах ажиллагааг гүйцэтгэж эхэлжээ.
Үүнээс гадна Трампын багийнхан Пенсильванид санал тоолох явцыг ил тод болгох хүртэл санал тоолох явцыг зогсоох хоёр ч шаардлагыг хүргүүлээд байсан юм. Жеоржиа мужид мөн Ерөнхийлөгч Трамп зарга үүсгэсэн. Учир нь Бүгд найрамдах намын ажиглагч хугацаа хоцорсон 53 саналын хуудсыг нэмж бүртгэсэн нь хууль бус гэж үзжээ. 2016 оны сонгуулиар Трамп Висконсин, Мичиган, Пенсильванид ялалт байгуулж байсан юм. Мөн саналын хуудсыг тоолох ажил үргэлжилж байгаа Аризона, Невада мужуудад зарга үүсгэхээр Трампын ажлын албаныхан бэлтгэж эхэлжээ. Эдгээр мужуудад Байден тэргүүлж байна. Гэхдээ Трампын заргыг үндэслэлгүй, баримт нотолгоогүй гэж үзэж байна.
Трамп Бүгд найрамдах намын дэмжигчдээс хуулийн дагуу гаргасан гомдол, үйл ажиллагаандаа туслах сан бүрдүүлэхийг хүсчээ. Тус намын Үндэсний хорооны тэргүүлэгч хатагтай Ронна МакДаниель тулаан дуусах болоогүй, үргэлжилсээр байгаа гэдгийг сануулжээ.
Энэ хооронд Жо Байдентай хамт дэд Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж буй Камала Харрис твиттер хуудсандаа тулаанаа үргэлжлүүлэхэд дэмжигчдээсээ таван долларын тусламж хүсчээ.
Эх сурвалж: ВВС, The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.