Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын "Парисын хэлэлцээр"-ээс АНУ өнөөдөр албан ёсоор гарлаа. Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ыг энэхүү уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой олон улсын гэрээнээс гаргана гэсэн олон жилийн амлалтаа ийнхүү биелүүлж байгаа юм.
Гэвч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ширүүн өрсөлдөөний үр дүнд энэхүү шийдвэр хэр удаан үргэлжлэх нь тодорхой болно. Ардчилсан намаас Трампын эсрэг өрсөлдөж буй Жо Байден ялалт байгуулсан тохиолдолд тус гэрээнд нэгдэхээ амласан билээ.
АНУ нь дэлхийн хоёр дахь том хүлэмжийн хий ялгаруулагч орон ажээ. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээний конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Патриция Эспиноса "АНУ гэрээнээс гарснаар Парисын хэлэлцээрийн зорилго, хүсэл эрмэлзэлд хүрэх дэлхийн хүчин чармайлтад том цоорхой гарах болно" хэмээн мэдэгджээ.
Трамп АНУ-ыг энэхүү гэрээнээс гаргах хүсэлтэй байгаагаа 2017 оны зургадугаар сард анх мэдэгдэж байсан бөгөөд тэрээр энэхүү хэлэлцээр АНУ-ын эдийн засгийг доройтуулна гэж үзэж байсан. Гэвч уг хэлэлцээрийн шаардлагын улмаас тэрээр одоог хүртэл албан ёсоор амлалтаа биелүүлэх боломжгүй байсан юм.
Ийнхүү 2015 онд байгуулсан энэхүү гэрээнд гарын үсэг зурсан 197 гишүүн орон дундаас нэрээ татаж авсан цорын ганц улс нь АНУ болж байна.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.