АНУ-ын ард иргэд Ерөнхийлөгчөө сонгох зуур коронавирусийн халдварын тохиолдол тус улсад 24 цагийн дотор 90,000 гаруйгаар нэмэгджээ. Түүнчлэн мягмар гарагт тус улсад 50,000 хүн коронавирусийн халдвараар эмнэлэгт хэвтсэн нь сүүлийн гурван сарын хугацаанд хамгийн өндөр үзүүлэлт юм.
Улс орны хэмжээнд аравдугаар сарын 1-ний өдрөөс хойш цар тахлаар халдварлаж эмнэлэгт хэвтсэн иргэдийн тоо 64 хувиар өссөн байна. Одоогоор АНУ-д коронавирусээр халдварласан 9,700,000 орчим иргэн бүртгэгдэж, 240,000 орчим иргэн нас бараад байгаа юм. Ойрын өдрүүдэд эмнэлэгт хэвтэж буй иргэдийн тоо нэмэгдсэн нь гадаа хүйтэрснээс хүмүүс дотор талбайд олноороо цуглан, зай барих дүрэм алдагдаж ойртсонтой холбоотой гэж шинжээчид тайлбарлажээ.
Түүнчлэн Миссури, Оклахома, Айова, Индиана, Небраска, Умард Дакота, Нью Мексик зэрэг долоон мужид эмнэлэгт хэвтсэн иргэд хамгийн их бүртгэгдсэн байна.
Харин халдварын тархалтаар Америкийн дараа хоёрдугаарт орж буй 8,3 сая тохиолдолтой Энэтхэг улсад арав дахь хоногтоо дараалан 50,000-аас бага тохиолдол бүртгэгджээ. Лхагва гарагийн байдлаар тус улсад 46,523 шинэ тохиолдол илэрсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.