Уганда улсад ирэх 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Уг сонгуульд нэр дэвших эрхээ авсан регги дуучин Боби Вайныг цагдаа нар баривчлан саатуулжээ.
Боби Вайн 2017 онд болсон сонгуулиар Угандагийн Үндэсний ассамблейд суудал эзэлж чадсан. Үүнээс хойш цагдаа нар түүний эсрэг хэд хэдэн удаа зэвсэглэсэн тусгай ажиллагаа явуулж, баривчлан саатуулсаар иржээ.
Тэрээр Африкийн улс орнуудад он удаан жил бугшсан дарангуйллын шинж чанартай удирдагчдыг хүчтэй эсэргүүцэгч, шинэ үеийн улс төрчдийн гол төлөөлөл юм. Тиймээс ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж, сонгуулийн хорооноос албан ёсны эрхээ авчээ. Түүнийг нэр дэвших эрхээ авсан даруйд Кампала хотод зэвсэглэсэн цагдаа нар машиныг нь хааж, цонхыг нь хагалан хүлж баглан цагдаагийн машинд суулгаад явжээ.
Мөн нэр дэвшигч болоод хамт явж байсан хүмүүсийн нүүр лүү халуун чинжүүний уусмал цацаж олон хүн хүнд түлэгдэж бэртэн, эмнэлэгт хүргэгдсэн тухай дэмжигчдэдээ хэлсэн байна. 38 настай залуу улс төрч ирэх сонгуулийг хувьсгал болно хэмээн уриалжээ. Түүнийг Уганда улсыг 1986 оноос хойш тасралтгүй удирдаж буй 76 настай Ерөнхийлөгч Йовери Мусевенийг суудлаас нь буулгаж чадах тэмцэгч гэж үздэг.
Мусевени энэ долоо хоногийн даваа гарагт дахин сонгуульд өрсөлдөх эрхээ олж авсны дараа “сонгуулийн үйл явцыг будлиантуулах гэсэн ухаангүй оролдлогууд гарч байна. Хэн ч бидний амар тайван байдлыг эвдэх ёсгүй. Ингэхийг оролдсон хэн бүхэн харамсах болно. Би хэдийнээ Ерөнхийлөгч болсон, дахин сонгогдохыг хүсч байна. Манай нам улс орондоо энх тайвныг цогцлоохын төлөө хичээж байгаа учраас биднээс илүү зэвсэглэсэн этгээдүүд байх ёсгүй” хэмээн мэдэгджээ.
Дуучныг баривчлаад эргэн сулласан. Ингэхдээ эрх баригчид Боби Вайн хууль бус олон нийтийн цугларалт арга хэмжээ зохион байгуулахыг оролдсон хэмээн буруутгажээ. Гэвч тэрээр огт тийм зүйл сэдээгүй хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.