Шри Ланк улсын далайн эрэгт 100 гаруй халим гацсан байна. Бүхэл шөнийн турш эргийн хамгаалалтын албаныхан тэдгээр халимнуудыг аврах ажиллагааг амжилттай явуулснаар далайн усанд нь буцааж, амийг нь аварч чаджээ.
Коломбо мужийн өмнөд Панадура хотын ойролцоо далайн эрэгт хэт олон халим нэг дор бөөгнөрснөөс гурван нисгэгч халим, нэг далайн гахай үхсэн байна. Далайн аварга амьтдыг аврах ажиллагаанд хүрээлэн буй орчныг хамгаалах ажилтнууд, цагдаа нар, тэнгисийн цэргийн аврагчид болоод орон нутгийн оршин суугчид тусалжээ.
Урьд өмнө тус улсын эрэгт халимнууд ингэж олноороо цуглаж байсан тохиолдол гарч байгаагүй ажээ. Тэд чухам яагаад далайн эрэгт ийнхүү бөөгнөрсөн шалтгаан тодорхойгүй байна.
Хэдийгээр тус улсад коронавирусийн улмаас хөл хорио тогтоосон ч оршин суугчид халимнуудыг далайн гүн усанд буцаах ажилд хөл хориог зөрчин идэвхтэй оролцжээ. Иргэдийн ачаар халимнуудын ихэнхийг аварч чадсан гэдгийг далай тэнгисийн судлаач доктор Аша Де Вос ярьжээ.
Гэвч амьтад хэт ядарсан байсан тул цөөн хэд нь үхсэн гэж тэрээр тайлбарласан байна. Харагдах байдлаасаа үүдэн нисгэгч хэмээн нэрлэгддэг халимны төрөл олноороо нүүдэллэдэг учраас ийнхүү далайн эрэгт түгжрэл үүсгэн бөөгнөрөх явдал гардаг.
Өнгөрсөн есдүгээр сард Австралийн Тасманийн эрэгт олон зуун халим бөөгнөрч хэдэн зуу нь харамсалтайгаар үхсэн. Энэ нь Австрали улсын түүхэнд хамгийн олон халим нэг дор цугласан тохиолдол байсан бөгөөд дэлхийд цөөн удаа халим ингэж үй олноороо далайн эрэгт бөөгнөрсөн тохиолдол байдгийн нэг болсон юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.