Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн багш, ажилчид өнөөдөр эсэргүүцлийн цуглаан зохион байгууллаа.
Багш, ажилчид: "Д.Мөнхбаатар захирал 116-р сургуулийг дотуур байргүй болгож, хоёр багшийг хууль бусаар ажлаас халсан. Багш нараа цагдаад өгч, харааны бэрхшээлтэй багшийн амь насанд заналхийлж байсан.
Бид ямар ч албан тушаалтны дарамт шахалт хэлмэгдүүлэлтээс айхгүй үзэл бодлоо тууштай илэрхийлж тэмцэн гэдгээ илэрхийлж байна. БШУЯ-наас ажлын байрны дарамт үзүүлж, сэтгэл санааны гүн дарамтад оруулан ийм байдалд хүргэлээ. Өнөөдрөөс эхлэн манай хамт олны 80 гаруй хувь ажил хаялтад шилжиж байна. Сургууль болон яамны үүдэнд Д.Мөнхбаатар захирлыг ажлаас чөлөөлтөл суулт хийх болно" гэв.
116 дугаар сургуулийн хөгжмийн багш н.Батболд: "Би харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах тал дээр БШУЯ-тай ширүүн тулж үнэн үгээ хэлсний төлөө халагдлаа. Бид сайд Л.Цэдэвсүрэнд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлтэл, бидний үгийг үл ойшоон багш нарыг маань халж байна.
Энэ сургууль байгуулагдсанаас хойш 15 жилийн хугацаанд 13 захирал сольсон. Үүнээс сүүлчийн зургаан жилд нь есөн захирал сольсныг бид зогсоохын төлөө тэмцэж байна" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.