Их Британийн нэгэн иргэн Жо Байденыг АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч болно гэсэн 1.29 сая ам.долларын бооцоог дэлхийн хамгийн том онлайн бооцооны бирж болох "Betfair Exchange"-д байрлуулжээ.
АНУ-ын мөрийтэй тоглогчид тус улсын сонгуульд хууль ёсны бооцоо тавих хориотой байдаг аж. Гэхдээ Их Британийн хууль ёсны бооцооны зах зээлд сонгуулийн талаар мөрий тавих явдал огцом эрэлттэй болж байгаа бөгөөд энэ удаагийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль түүхэн дэх хамгийн их бооцоотой үйл явдал болж магадгүй болоод байгаа юм.
Уг нэрээ нууцалсан мөрийцөгч өнгөрөгч аравдугаар сарын 29-нд нэг сая фунт стерлинг буюу 1.29 сая ам.долларын бооцоогоо тавьсан бөгөөд хэрэв түүний таамаг зөв болж таарвал тэрээр өөрийн бооцоогоо эргүүлж авахын дээрээс 696,170 ам.долларын ашиг олох гэнэ.
Түүнчлэн энэхүү нэг сая фунтийн бооцоо нь "Betfair Exchange"-ын түүхэн дэх гурав дахь хамгийн өндөр бооцоо болж байгаа аж. 2010 онд нэгэн мөрийцөгч теннисчин Рафаэль Надальд 1.1 сая фунт стерлингийн бооцоо тавьж байсан бол 2017 онд өөр нэгэн тоглогч Флойд Мейведерт нэг сая фунтээс бага зэрэг илүү бооцоо тавьж байжээ.
Харин "Betfair" биржийн хамгийн өндөр улс төрийн бооцоо нь 2016 онд Трампын төлөө тавьсан 555,000 фунт стерлинг юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.