Нидерланд улсын Роттердам хотын метро эцсийн буудлын зогсоолын саадаа давж гаран, метроны замын төгсгөлд орших халимын сүүл хэлбэртэй хуванцар баримал дээр зогсон, газраас 10 метрийн өндөрт тогтсон хачирхалтай хэрэг өнгөрөгч даваа гарагт гарчээ.
Метро ийнхүү баримал дээр тогтсоны дараа метроны машинист аюулгүй бууж чадсан бөгөөд ямар нэгэн гэмтэл аваагүй байна. Азаар уг метронд өөр зорчигч байгаагүй аж.
Харин энэхүү метроны зам доорх уснаас цухуйх хоёр халимын сүүлний уран баримлыг хийсэн Маартен Струйсс өөрийн баримлаа нураад уначхаагүй байгаад нь их гайхаж байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр "Би хэзээ ч ийм юм болно гэж төсөөлөөгүй ч баримал маань машинистын амь насыг аварлаа. Хохирол бол дараа бодох зүйл. Би баримал маань ийм бат бөх байгаад л гайхаж байна. 20 жилийн настай хуванцар баримал бүхэл бүтэн метро галт тэргийг дийлнэ гэж санасангүй" хэмээсэн байна. Струйсс баримлаа хүчитгэсэн полиэфир материалаар хийжээ.
Тус улсын Онцгой байдлын алба ослын газарт үзлэг хийн, аюулгүй болгоод байгаа бөгөөд Роттердам-Рижнмонд бүсийн Аюулгүй байдлын газрын төлөөлөгч "Нэлээн ярвигтай нөхцөл байдал учир багагүй хугацаа шаардагдана. Метрог газарт аюулгүй буулгах нь амаргүй л байх болов уу" гэжээ.
Тус метро яагаад зогсоолын саад блокийг давж өнгөрсөн нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.