Бүгд Найрамдах Австри Улсын нийслэл Вена хотын төвийн кафе, ресторануудад сууж байсан иргэд рүү зэвсэглэсэн хүмүүс гал нээж, дор хаяж хоёр хүн амь насаа алдаж, 15 хүн гэмтсэн байна. Эдгээр 15 хүн одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд тэднээс долоо нь хүнд гэмтэл авчээ. Түүнчлэн халдагчдын нэг нь нас бараад байгаа аж.
Эрх баригчдын террорист халдлага хэмээн тодорхойлсон уг явдал өнгөрсөн даваа гарагийн 20:00 цагийн орчимд эхэлсэн байна. Зэвсэгт халдагчид хотын төвийн хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар алхан, иргэд рүү гал нээсэн бөгөөд нийт зургаан байршилд зохион байгуулалттай халдлага үйлджээ.
Түүнчлэн халдлага анх эхэлсэн цэг нь Вена хотын гол жүүдийн сүмийн гадна байсан тул энэхүү алан хядлага еврей хүмүүсийн эсрэг үзэлтнүүдийн үйлдэл байж болзошгүй гэж албаныхан үзэж байгаа юм. Гэвч халдлагын шалтгаан одоогоор албан ёсоор тогтоогдоогүй байна.
Австрийн канцлер Себастьян Курц халдлага эхэлснээс хойш хэдэн цагийн дараа хийсэн мэдэгдэлдээ "Бид Холбооны нийслэлд болсон жигшүүрт террорист халдлагын хохирогчид боллоо. Гэмт хэрэгтнүүдийн нэгийг нь саармагжуулсан боловч хэд хэдэн халдагч зугтсан байгаа бололтой. Тэд автомат зэвсэг барин, маш сайн тоноглогдсон байсан. Тиймээс тэд маш сайн бэлтгэлтэй байсан гэдэг нь тодорхой байна" хэмээн тэмдэглэжээ.
Харин Дотоод хэргийн сайд Карл Нехаммерын хэлснээр тус улсын цэрэг арми хотын гол байршлуудыг хамгаалалтдаа авсан бол хэдэн зуун хүнд зэвсэглэсэн цагдаа нар зэвсэгт этгээдүүдийг хайж байгаа аж. Тиймээс тэрээр Вена хотын иргэдийг гэртээ үлдэж, хотын төвөөр явахгүй байхыг анхааруулан, эцэг эхчүүдийг өнөөдөр хүүхдүүдээ сургуульд явуулахгүй байхыг уриалжээ.
Тэгвэл Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яамнаас Вена хотод оршин суудаг монголчуудыг мөн гэрээсээ гарахгүй байхыг зөвлөн, хотын төвөөр зорчихгүй байхыг сэрэмжлүүлсэн байна. Мөн буудалцаан болсонтой холбоотойгоор автобус, метроны буудлаас хол байж, халдлагатай холбоотой зураг, видео шэйр хийхгүй байхыг анхааруулсан юм.
Эх сурвалж: Associated Press, The Guardian, Embassy of Mongolia in Vienna
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ лалын шашинтангууд дэндүү мунхаг юм.Буддын шашин алж талхыг үгүйсгэдэг нь зөвч юм уу? жишээ нь Амьд амьтан хорхой шавьж алж болохгүй нүгэл гэж номолсон нь