Өмнөд Солонгосын алдартай хошин урлагийн жүжигчдийн нэг Пак Жи Сон Сөүл дэх гэртээ ээжийнхээ хамт нас барсан болохыг тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Пак Жи Соны аав нь эхнэр, охинтойгоо холбоо барьж чадахгүй байгаа талаараа цагдаад дуудлага өгсөн бөгөөд цагдаа нар өнөөдөр 13:44 цагийн орчимд жүжигчний гэрт нэвтрэн, түүнийг ээжийнхээ хамт амьсгал хураасан байсныг илрүүлсэн байна.
Энэ жил 35 настай байсан Пакын үхлийн шалтгаан одоогоор тодорхой болоогүй байгаа хэдий ч цагдаа нар түүнийг ээжтэйгээ хамт амиа хорлосон байж болзошгүй гэж сэжиглэж байгаа аж. Түүнчлэн тэрээр тодорхойгүй өвчний улмаас эмчилгээ хийлгэн, ээжтэйгээ хамт амьдарч байсан гэсэн мэдээллийг орон нутгийн хэвлэлүүд нийтэлжээ.
Анх 2007 оноос хошин урлагийн жүжигчнээр ажиллаж эхэлсэн тэрээр анхны жилдээ л шилдэг шинэ хошин шогийн жүжигчний шагналыг гардан авч, тэр дороо олонд танигдсан чадварлаг жүжигчин юм.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.