СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гони хар салхи Филиппиний сууринг газрын хөрстэй тэгшлэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Гони хар салхи Филиппин улсын зүүн нутгийг өнгөрсөн ням гарагт дайрч, өнөөдөр нийслэл Манилагийн урд хэсгээр шуурна гэж цаг уур судлаачид мэдэгдлээ. Ням гарагт хар салхи 225 км/цагийн хурдтай шуурсан бол өнөөдөр салхины хурд саарсан байна.

Өчигдөр Катандуанес мужийн Вирак хот хар салхинд өртөж, 70,000 оршин суугчийн амьдардаг хотын барилга байшингийн 90 хувь нь хөрсний гулсалтад дарагдсан болон нурж сүйдсэн гэж эх сурвалж мэдээлэв. Тус хотод Маён галт уулын шавар шалбааг үертэй хамт түрж орж ирсэн бөгөөд 10 гаруй хүн амь эрсэджээ.

Засгийн газрын онц байдалтай тэмцэх газрын дарга Рикардо Жалад ард иргэдийг хар салхинаас урьдчилан сэргийлэхийн тулд таван метрээс дээш өндөрлөг газарт гарахыг сэрэмжлүүлсэн байна.

Үүнээс гадна Бикол муж хар салхи шуурах үеэр цахилгааны эх үүсвэрээс салсан ба Куэзон мужийн 10 суурин мөн тоггүй болжээ. Долоо хоногийн өмнө Молаве хар салхи Филиппинийг дайран өнгөрснөөс 22 иргэнээ алдсан юм.

Гони нь Филиппин улсыг дайран өнгөрч буй хүчтэй хар салхинуудын нэг. 2013 онд тус улсыг Хайян хар салхи дайран өнгөрөхөд таван сая гаруй хүн нүүдэллэж, 7,300 гаруй иргэн амь насаа алдсан болон ор сураггүй алга болсон.

Хар салхи 13 сая оршин суугчтай Манила хотын орчимд дайран өнгөрөх болсон тул сая гаруй иргэнийг урьдчилан бэлдсэн хорогдох байр луу нүүлгэн шилжүүлэхийг зааварчиллаа. Мөн хотын гол нисэх буудлыг 24 цагийн хугацаанд хааж, олон улсын болон дотоодын хэдэн арван нислэгийг цуцалсан байна. Улсын цэрэг арми болон үндэсний цагдаагийн алба, эргийн хамгаалалтын албууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байна.

Түр эмнэлэгт эмчлүүлж байсан коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг аюулгүй эмнэлэг болон зочид буудал руу нүүлгэжээ.

Филиппин улс нь Номхон далайн газар хөдлөлт, хар салхины идэвхтэй бүсэд байрладаг тул жилд 20 орчим хар салхи дайран өнгөрдөг байна.  

Эх сурвалж: The Guardian, BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.