Хонконгийн Хууль тогтоох байгууллагад энэ оны эхээр ардчиллыг дэмжигч болон Бээжинг дэмжигч хууль тогтоогчдын дунд мөргөлдөөн үүсэж, хамгаалалтын ажилтнууд гэмтэл бэртэл авсан байна. Тэгвэл цагдаа нар энэ хэрэгтэй холбоотой долоон хүнийг өнгөрөгч ням гарагт баривчилжээ.
Баривчлагдсан хүмүүсийн дотор одоогийн болон хуучин хууль тогтоогчид, мөн хууль тогтоогчийн туслах байгаа гэж албаныхан мэдэгдсэн юм. Түүнчлэн тэд бүгд ардчиллыг дэмжигч аж.
Цагдаагийн байгууллагаас гаргасан мэдэгдэлд эдгээр зургаан эрэгтэй, нэг эмэгтэйг хууль тогтоомжийн ажилтнуудыг доромжлон, саад болсон гэж сэжиглэн саатуулсан гэжээ. Хэргийг тодруулбал, энэ оны тавдугаар сарын 8-ны өдөр болсон хорооны хуралдааны үеэр ардчиллыг дэмжигч хууль тогтоогчид хуралдааны дарга руу дайрч, хамгаалалтын ажилтнуудтай мөргөлдсөн байна.
Ингээд хамгаалагчид Эдди Чу, Рэй Чан зэрэг ардчиллыг дэмжигч хэд хэдэн хууль тогтоогчдыг хуралдааны өрөөнөөс өргөн гаргажээ. Дээр дурдсан хоёр хууль тогтоогч хоёул өнгөрсөн есдүгээр сарын 30-нд огцорсон байна.
Тавдугаар сарын 8-ны энэхүү үйл явдал БНХАУ-ын төрийн дууллыг доромжлохыг хууль бус болгох хуулийн төсөлтэй холбоотой маргаанаас үүдсэн аж. Тэгвэл энэхүү хууль өнгөрөгч зургадугаар сард батлагджээ.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.